А.Халиун
Cэргээгдэх эрчим хүчний сүлжээнд өргөн ашиглагддаг салхин турбин болон цахилгаан хөдөлгүүрийн соронзуудын гол эрдэс түүхий эд болох газрын ховор элементүүд нь эрчим хүчний өндөр технологийн тулгийн чулуу хэмээн нэрлэгддэг.
Эрчим хүчний шилжилт эрчимжихийн хэрээр критикал минералын эрэлт хэрэгцээ улам бүр өсөж байгаа ба түүний дотор литий. никель, кобальт, манган, бал чулуу зэрэг нь батарей үйлдвэрлэлийн шинэчлэлд чухал үүрэгтэй болох нь шинэ мэдээ биш болжээ.
Цэвэр эрчим хүчний хэрэглээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын эрэлт 2023 онд огцом өссөн байна. Тэр дундаа литийн хэрэглээ 30%-иар өссөн бол никель, кобальт, бал чулуу болон газрын ховор элементийн эрэлт 8-15%-иар өсжээ. Эрчим хүчний шилжилтийн гол эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн нийт үнэлгээ 2023 оны байдлаар ойролцоогоор 325 тэрбум ам.доллар байгаа нь төмрийн хүдрийнхтэй дүйцэх түвшинд хүрчээ.
"Хэрэв дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн зарласан амлалтаа бүрэн хэрэгжүүлбэл цэвэр эрчим хүчний технологийн ашигт малтмалын эрэлт 2030 он гэхэд 2 дахин, 2040 он гэхэд 3 дахин нэмэгдэж, хэрэглээ жилд бараг 35 сая тоннд хүрнэ" хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг / IEA/-ийн 2024 оны тайланд дурджээ.
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс орнууд 1980-аад оноос эхлэн чухал ашигт малтмалын ач холбогдлыг тодорхойлон, аж үйлдвэрлэлийн хөгжилд нэн чухал шаардлагатай элементүүдийг онцолж эхэлсэн. Америк, Япон, Канад зэрэг улсууд 1985-1995 оноос критикал минералын ач холбогдлыг үнэлэн, хэдийнээ үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн байна.
Япон улсын хувьд анх 1983-1984 онд эдийн засаг, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой эрдэс түүхий эдийн нөөц хязгаарлагдмал, нийлүүлэлтийн сүлжээ сул байгааг анзаарч, тус улсын Худалдааны яамнаас чухал ашигт малтмалын жагсаалт гаргаж, олон улсад зарласан байна.
Дэлхийн Өндөр технологийн үйлдвэрлэлээр тэргүүлж буй Япон улс критикал минералын жагсаалтдаа никель, кобальт, литий, манган, теллур, хром, галли, бал чулуу, ниоби, германи, молибден, цагаан алт, титан, берилли, хүнцэл зэрэг элементийг багтаасан байна. Түүнчлэн Японы Засгийн газар ураныг эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн үзэж, нэн чухал ашигт малтмалын жагсаалтдаа оруулжээ. Кобальт, литий, никель, манган нь цахилгаан автомашины батарей болон бусад өндөр технологийн бүтээгдэхүүний хувьд маш чухал элемент. Графит нь литийн батарей үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд юм. Япон улс цахилгаан болон сэргээгдэх эрчим хүч зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд газрын ховор элементүүд (Rare Earth Elements буюу REE)-ийн үүрэг үлэмж их болохыг хүлээн зөвшөөрчээ.
Канад улсын хувьд эдийн засгийн өсөлтийг хангах, үндэсний аюулгүй байдалд нийцүүлэн нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай эрчим хүчний шилжилт рүү шилжих бодлогоо тодорхойлсон.
Тиймээс энэ онд Хөнгөн цагаан /А/, сурьма /Sb/, висмут /Bi/, cesium, хром / Сr/, кобальт, зэс, хайлуур жонш, галли, германи, графит, гели, өндөр түвшинд цэвэршүүлсэн төмөр, лити, магни, манган, молибден, никель, ниоби, фосфор, платины бүлгийн металиуд, нүүрс хүчлийн кали, газрын ховор элементүүд, сканди, цахиур, тантал, теллур, тугалга, титан, волфрам, уран, ванади, цинк зэрэг 34 ашигт малтмалыг критикал минералын жагсаалтад оруулж, баталгаажуулсан байна.
Энэ удаа Канад улс өмнөх оны жагсаалтдаа шинэчлэл хийж, 2025 онд цэвэршүүлсэн төмөр, фосфор, цахиур гэсэн 3 металлыг нэмсэн аж.
Монгол Улсын хувьд 2022 онд Чухал ашигт малтмалын ассоциаци байгуулагдаж, дэлхийн чиг хандлага болон тус салбарт Монгол Улс ямар бодлого чиглэл баримтлах талаар мэргэжлийн хүмүүс хөндөн хэлэлцэж эхлэв.
Засгийн газар болон шийдвэр гаргах түвшинд 2024 оноос эхлэн чухал ашигт малтмалын талаарх ойлголт сайжирч байгаа бөгөөд аж үйлдвэр хөгжөөгүй манай улсын хувьд бензин, дизель түлш зэрэг нөөц нь тасалдах эрсдэлтэй зүйлсээ л "чухал"-д тооцож байв
Улс орнууд өөрсдийн эрэлт хэрэгцээ, нөөцөд тулгуурлан сонгож буй критикал минералын жагсаалтдаа багтаасан ашигт малтмалууд эрс ялгаатай боловч аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнуудын хувьд гар утас, цахилгаан автомашин, нисэх онгоц үйлдвэрлэл зэрэг өндөр технологид шаардлагатай ашигт малтмалууд нь ерөнхийдөө ижил байдаг. Аль ч улсын жагсаалтад ордог ашигт малтмал нь газрын ховор элемент, титан, вольфрам, лити, кобальт зэрэг юм.
Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн, ШУТИС-ийн багш М.Дагвын тайлбарлаж буйгаар "Монголын чухал ашигт малтмалын ассоциациас эхний ээлжинд 11 элементийг критикал минерал хэмээн зарлах саналаа 2024 онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлснийг салбарын яам Засгийн газарт танилцуулсан. Гэвч одоогоор албан ёсоор батлагдсан жагсаалт гараагүй байна. Энэ нь хоёр их гүрний дундах жижиг улсын геополитикийн асуудалтай ч холбоотой байж болох юм. Юутай ч Засгийн газар хэтийн төлөвийг анзаарч хуучнаар "Монголросцветмет" ТӨҮГ-ын нэр болон үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж, критикал минерал буюу чухал ашигт малтмалын чиглэлээр ажиллах, нэрийг нь "Эрдэнэс критикал минерал" ХХК болгох шийдвэр гаргасан нь урагшлах нэг алхам" болов. Мэргэжлийн холбооноос санал болгож буй нь,
1. Вольфрам
2. Газрын ховор элементүүд
3. Графит
4. Жонш
5. 3эc
6. Кобальт
7. Лити
8. Манган
9. Молибден
10. Никель
11. Цагаан алтны бүлгийн элементүүд юм.
Дээрх 11 чухал ашигт малтмалын эхний 3-т зэс, жонш, графит буюу бал чулуу багтдаг. Эдгээр нь АНУ, Европын холбооны мөрддөг жагсаалттай адил байгаа юм. Харин АНУ чухал ач холбогдолтой минералын жагсаалтыг шинэчлэхдээ зэсийг нэмж оруулсан байна.
"Газрын ховор элементийн дотор 17 төрлийн эрдэс бодис багтдаг. Тэр бүхэн нэг дор, нэг улсад бүгд байна гэж үгүй. Өргөн уудам газар нутгийг хамарч, нэлээд тархмал байдлаар оршдог. Газрын тос хэрэгтэй бол өмнө нь Орос, Ойрхи Дорнод гэсэн тодорхой хэдхэн улстай худалдааны хэлэлцээрт ороход асуудал шийдэгддэг байсан бол критикал минералын хувьд бол огт өөр. Нөөц нь тогтоогдсон улс улстай биечлэн уулзалт хийдэг. Тухайлбал, зэс бол Чилид, никель Индонезид, кобальтын 70% нь Африкт байна.
Газрын ховор элементийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох шаардлагатай бөгөөд одоогоор боловсруулалтаар Хятад улс тэргүүлдэг ч түүхий эдийн нөөц тодорхой бус байна.
Иймд Хятад улс дэлхий даяар чухал ашигт малтмалын ордууд болон орд эзэмшиж буй компаниудыг худалдаж авах шийдэлд хүрч, энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил идэвхтэй ажиллаж байна. Энэ салбарт өрсөлдөөн идэвхжиж, Канад улс Хятадын төрийн өмчит компанийг Торонтогийн Хөрөнгийн биржийн арилжаанд оролцуулахгүй байх хориг арга хэмжээ аваад байна.
Тэгэхээр улс орнууд бие биеэсээ харилцан хамаарал ихтэй болсон. Үүний цаана газрын ховор элементийн салбарт ноёрхлоо тогтоох, улс орнууд өөрсдийн нөөц, нийлүүлэлтийн бодлогоо шинэчилж, геополитикийн бодлого, далд сөргөлдөөн явагдаж байна" гэж Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн тэргүүн М.Дагва онцолж байна.
Критикал минералын нөөц ба түүний боловсруулалттай холбоотой асуудал нь дэлхийн улс орны удирдагчдын уулзалтаар хөндөж ярьдаг чухал сэдвийн нэг болов. Энэ нь Монгол Улсад хийж буй төрийн өндөр дээд түвшний уулзалтуудаар хэлэлцсэн асуудлаас ч харагдаж байна. Тухайлбал, 2024 оны зун НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн байнгын 5 улсын нэг Францын Ерөнхийлөгч Э.Макрон Улаанбаатарт бууж, манай Төрийн тэргүүнтэй хэлэлцсэн гол асуудал нь ураны төсөл байв.
Франц улс чухал ашигт малтмалын жагсаалтдаа ураныг оруулдаг байсан ч саяхан буюу өнгөрсөн 4 дүгээр сарын 25-нд 50 ашигт малтмалыг жагсаалтад нэмж оруулснаа зарлав. Уг жагсаалтад уран багтаагүй бөгөөд ураныг түлшний ашигт малтмалын ангилалд оруулсан аж. Ийнхүү өндөр хөгжилтэй улс орнууд өөрийн орны ашигт малтмалын судалгааг нарийвчлан гаргаж, хаана нь ямар ашигт малтмал, хэдий хэмжээний нөөцтэй эсэхийг судлан, зарим эрдэс түүхий эдэд экспортын хориг тогтоож байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙГ БҮХЭЛД НЬ ХАМАРСАН ХАЙГУУЛЫН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
Монгол Улсын хувьд чухал ашигт малтмалын чиглэлээр нарийвчилсан судалгаа байхгүй. Хуучин Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хийсэн бага хэмжээний мэдээлэлтэй байна. 1960-1980-аад онд оросууд өөрт чухал гэсэн ашигт малтмалыг дагнан судалж, тэмдэглэн үлдээсэн бөгөөд энэ төрлийн ашигт малтмалтай холбоотой дата мэдээлэл хомс байна.
Иймд газрын хэвлийдээ хайгуулын судалгаа хийх цаг үеийн шаардлага үүссэнийг салбарын мэргэжилтнүүд ч сануулж, салбарын бодлого тодорхойлогч яам, сайд нь ч хүлээн зөвшөөрсөн.
Харин Монголд хайгуулын салбар нь олборлолтоосоо хоцорч буй гажуудлыг засахын тулд 2023 оны улсын төсөвт 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдэж, энэ санхүүжилтээр Өмнөговь аймгийн газар нутагт бүхэлд нь хайгуулын судалгаа хийх ажил үргэлжилж байна.
2025 оны төсөвт мөн хайгуулд зориулж 3-4 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад байна.
Монгол орны хэмжээнд олон байршилд газрын ховор элемент илэрсэн ч одоогийн байдлаар Халзанбүрэгтэй /Ховдын Мянгад сум/, Мушгиа худаг /Өмнөговийн Цогт-Овоо сум/, Улаан дэл /Увсын Завхан сум/, Хотгор /Өмнөговийн Цогт-Овоо сум/, Лугийн гол / Дорноговийн Хатанбулаг сум/ Цагаан чулуут /Хэнтийн Биндэр, Өмнөдэлгэр сум/ гэсэн 6 орд албан ёсоор бүртгэгдээд буйг Үндэсний геологийн албанаас мэдээлсэн байна.