Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Иран Ормузын хоолойг хаавал газрын тосны үнэ огцом өснө

Т.Бямбанаран

АНУ Ираны цөмийн байгууламжид цохилт өгсний дараа Иран улсын хариу арга хэмжээ дэлхий дахины газрын тос, шатахууны үнийг огцом өсгөх вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байна. Ираны парламент Ормузын хоолойг хаах санал дэвшүүлж, уг шийдвэр Ираны удирдлагын гарт шилжээд байгаа юм.

Ормузын хоолой нь олон улсын хэмжээнд газрын тос тээвэрлэлтийн хамгийн чухал  зангилаа гэдгээрээ онцлогтой. Персийн булан руу хүрэх цорын ганц далайн гарц бөгөөд хойд эрэгт нь Иран, өмнөд талд нь Оман болон Арабын Нэгдсэн Эмират Улс оршдог.

Энэхүү хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн хувьд стратегийн чухал хэсэг бөгөөд нефтийн хэрэглээний ойролцоогоор 20 хувь буюу өдөрт 20 сая баррель, шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны 25 хувь нь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг. 2022 оны эхнээс 2025 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд өдөрт 17.8–20.8 сая баррель түүхий тос, шатахуун энэ хоолойгоор тээвэрлэгдсэн байна.

Дэлхийд газрын тос үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнууд болох Саудын Араб, Иран, Ирак, Катар болон Арабын Нэгдсэн Эмират Улс газрын тосоо Ормузын хоолойгоор дамжуулан экспортолдог аж. “Хэрвээ Иран уг хоолойг хаах шийдвэр гаргавал дээрх улсууд газрын тосоо хэрэглэгчдийн гарт хүргэхэд ноцтой саад учирна” хэмээн хараат бус эдийн засагч Саул Эслэйк хэлжээ.

Гэвч Ормузын хоолойг Иран дангаар хянадаггүй. Хэрэв тус улс хоолойгоор хөлөг онгоц нэвтрэхийг хоригловол олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй. АНУ-ын Тавдугаар флот болон бусад Барууны орнуудын тэнгисийн цэргийн хөлгүүд энэ бүс нутагт байнга эргүүл хийдэг. Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр парламент нь тус хоолойг хаах саналыг дэмжсэн ч эцсийн шийдвэрийг Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл гаргах юм. Одоогоор шийдвэр эцэслэн гараагүй байгаа аж.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс, “Энэхүү хоолойг хаах нь Ираны Засгийн газар эдийн засгийн хувьд “амиа хорлож буйтай агаар нэг” алхам болно. Тэдний эдийн засаг бүхэлдээ Ормузын хоолойгоор дамжиж байдаг” гэж мэдэгдэв.

Хэрэв Иран энэхүү чухал бүсийг хаах оролдлого хийвэл газрын тосны үнэд хүчтэй нөлөөлнө гэдэгт эргэлзэх зүйлгүй. Ойрх Дорнодод найтаах төдийд дэлхий даяар ханиалгадаг. Тиймээс бүх төрлийн газрын тосны үнэ мэдэгдэхүйц өсөх нь гарцаагүй гэж судлаачид үзжээ.

Эх сурвалж: www.abc.net.au