Т.Бямбанаран
Байгалийн хий нь дэлхийн эрчим хүчний шилжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Азийн олон орон нүүрснээс татгалзан байгалийн хий рүү шилжихийг илүү тохиромжтой алхам гэж үзэх боллоо. Ирэх арван жилд дэвшилтэт технологи, байгаль орчны бодлого, геополитикийн нөлөөнөөс болж богино хугацаанд байгалийн хийн хэрэглээ эрчимтэй өсөх төлөвтэй байна.
2023 онд дэлхийн байгалийн хийн хэрэглээ ойролцоогоор 4,239 тэрбум шоо метрт хүрсэн бөгөөд үүнд хөгжиж буй орнууд жинтэй хувийг эзэлжээ. Хятад тэргүүтэй Ази Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодод нүүрснээс байгалийн хийд шилжих бодлого хэрэгжүүлснээр байгалийн хийн эрэлт эрчимтэй өссөөр байгаа нь энэ. Харин Европ тивд байгалийн хийн үнэ өссөн, Оросын нийлүүлэлт тасалдсан зэрэг шалтгаанаар эрэлт нь буурчээ. Харин АНУ шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) томоохон экспортлогч. 2027 он хүртэл экспортын хэмжээ нь тасралтгүй нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Байгалийн хийн эрэлтийг салбарын үүднээс авч үзвэл 2024 онд аж үйлдвэр, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл гол үүрэг гүйцэтгэж, хийн эрэлтийн ойролцоогоор 75%-ийг бүрдүүлсэн юм. Эрчим хүчний салбар дахь эрэлт нь 2030 он хүртэл жилд дунджаар 2.5%-иар өсөх магадлалтай. Энэ байдал хөгжиж буй орнуудад илүүтэй ажиглагдана. Мөн нефть-химийн болон бусад үйлдвэрлэлийн салбарт байгалийн хийн ач холбогдол өндөр хэвээр байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн зарим газар, ялангуяа Хятад, Энэтхэг, АНУ-д хэт халалт болсон нь дэлхийн байгалийн хийн эрэлтийн тавны нэгийг эзлээд байна. Харин орон сууц, барилгын салбар дахь хийн эрэлт 2024 онд ойролцоогоор 1%-иар өсжээ.
Бодлого зохицуулалт, зах зээлийн динамикийг даган олон салбарт нефть болон нефтийн бүтээгдэхүүнийг байгалийн хий орлосоор байна. Ойрх Дорнодод цахилгаан эрчим хүчний салбарт нефтиэс илүүтэй хийг хэрэглэж байна. Мөн Хятад улсад хийгээр ажилладаг даацын автомашиныг олноор үйлдвэрлэж, 2024 онд түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь тус улсад дизелийн эрэлт буурахад нөлөөлжээ. Далайн тээврийн зохицуулалтыг чангатгасантай холбоотойгоор шингэрүүлсэн байгалийн хийг усан онгоцны түлш болгон хэрэглэх хандлага нэмэгдэх төлөвтэй байна.
Гэхдээ уг салбарт саад тотгор байсаар байгаа. Тодруулбал, байгалийн хийн дэд бүтцийг шинэчлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Метан хийн ялгарлыг 2030 он гэхэд 30%-иар бууруулах шаардлагатай, мөн илүү хямд үнэтэй сэргээгдэх эрчим хүч, нарны зай, цөмийн эрчим хүч зэрэг бусад эх үүсвэртэй өрсөлдөх шаардлагатай тулгарна. Харин ирээдүйд устөрөгчийг үйлдвэрлэлийн түлш болгон ашиглах боломжтой ч одоогоор ийм төрлийн үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаа учраас өрсөлдөх чадвар нь хязгаарлагдмал.
БАЙГАЛИЙН ХИЙ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ГОЛ ТҮЛШ БОЛНО
Хиймэл оюун ухаан (ХОУ) нь дэлхий даяар олон салбарт өөрчлөлт авчирч байгаа ч үүнийг ажиллуулахад их хэмжээний эрчим хүч хэрэгтэй. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр хиймэл оюун ухаанд суурилсан "ChatGPT"-д нэг удаагийн хайлт хийхэд энгийн "Google" хайлтаас 10 дахин их эрчим хүч зарцуулдаг болох нь тогтоогджээ. Боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр гээд олон салбарт ХОУ-ыг өргөнөөр ашиглаж, үр шимийг нь хүртэхийн тулд цахилгаан эрчим хүчний хэрэглээ мэдэгдэхүйцээр нэмэгдэх нь ээ.
Үүлэн технологи болон хиймэл оюун ухааны гол суурь болсон мэдээллийн төвүүд нь дангаараа дэлхийн цахилгаан эрчим хүчний 1-2%-ийг ашиглаж байна гэсэн тоо бий. Энэ нь Европын ихэнх орны хэрэглээнээс ч давсан үзүүлэлт аж. Үүгээр ч зогсохгүй 2030 он гэхэд мэдээллийн төвүүдийн эрчим хүчний хэрэгцээ, шаардлага 3-4 дахин нэмэгдэж, бүр 160%-иар өсөх төлөвтэй байгаа. Ийм их хэрэгцээг хангахын тулд их хэмжээний, хямд бөгөөд найдвартай эх үүсвэр шаардлагатай.
Энэхүү сорилтыг шийдвэрлэх хамгийн боломжит хувилбар нь байгалийн хий юм. АНУ-ын Луизиана, Пенсильвани, Техас зэрэг мужид байгалийн хийг ихээр үйлдвэрлэдэг. Байгалийн хий нь үнэ өртгийн хувьд бусад цахилгааны эх үүсвэрийг бодвол хямд төсөр бөгөөд нүүрснээс 45%-иар бага хүлэмжийн хий ялгаруулдаг. Тиймээс эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй сонголт билээ. Мөн нар, салхины эрчим хүчний оронд эрчим хүчний тогтвортой эх үүсвэр болдгоороо онцлог.
Ийм учраас мэдээллийн төвүүд байгалийн хийн дэд бүтцийг хөгжүүлж эхэлжээ. Жишээ нь, АНУ даяар байгалийн хийгээр ажиллах мэдээллийн төвүүд барьж байгаа ч эрэлт хэрэгцээтэй хөл нийлүүлэн дэд бүтцийг сайжруулах шаардлага үүссэн байна.
Цаашид ч хиймэл оюун ухааны тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд эрчим хүчний компаниуд, бизнес эрхлэгчид Засгийн газартай хамтран ажиллах нь зүйтэй. "Williams" зэрэг байгалийн хийн арвин туршлагатай компаниуд Америкийг хөгжүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засагт дэмжлэг
ХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР АНУ ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Дээрх шаардлагуудаас үүдэн дэлхийн их гүрнүүд байгалийн хийн салбартаа ихээхэн анхаарч, хүчин чадлаа нэмэгдүүлсээр иржээ. Тухайлбал, АНУ 2023 онд 1.35 их наяд шоо метр байгалийн хий үйлдвэрлэж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн бараг дөрөвний нэгийг бүрдүүлэн уг салбарт ноёрхох болжээ. Түүнчлэн тус улс нь байгалийн хийг хамгийн ихээр хэрэглэдэг. Олон улсад эрэлт өндөр байхын зэрэгцээ дотоодын хэрэглээ нь тогтвортой өсөж буйгаас үүдэн АНУ 2050 он хүртэл нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хийн цэвэр экспортлогч хэвээр байх төлөвтэй юм.
Цэвэр эрчим хүчийг илүүд үзэх олон улсын чиг хандлагыг үл харгалзан дэлхий дахинд шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан тус улсын байгалийн хийн үйлдвэрлэл өснө гэж үзэж байна.
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны эхэнд хэрэгжүүлсэн тарифын бодлогын хариуд Хятад улс АНУ-ын хийн импортод 15%-ийн тариф ногдуулсан билээ. "Financial Press" мэдээний эх сурвалжаас үзвэл 2024 онд АНУ нь Хятадын байгалийн хийн хэрэглээний ойролцоогоор 6%-ийг эзэлж байжээ.
ОХУ нь дэлхийн хоёр дахь том байгалийн хийн экспортлогч төдийгүй үйлдвэрлэгч орон. Тус улс 2023 онд 586.4 тэрбум шоо метр байгалийн хий үйлдвэрлэсэн агаад дэлхий дахинд одоогоор мэдэгдэж буй байгалийн хийн нөөцөөр толгой цохидог. Оросын төрийн өмчит эрчим хүчний "Газпром" компани дэлхийн байгалийн хийн нөөцийн 16.3%-ийг эзэмшиж байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр Европын орнууд Оросын байгалийн хийн бүтээгдэхүүнээс татгалзсаны улмаас 2023 оны эхний 3 улиралд Оросын үйлдвэрлэгчдийн орлого 41%- иар буурсан байдаг.
Иран улс нь дэлхийд байгалийн хийн үйлдвэрлэлээр гуравдугаарт бичигдэж, нийт үйлдвэрлэлийн ойролцоогоор 6%-ийг эзэлж байна. Түүнчлэн Ойрх Дорнодын энэхүү улс нөөцийн хэмжээгээрээ хоёрдугаарт орох нөлөө бүхий байр суурьтай. Гэвч байгалийн хийн дэд бүтэц нь дээрх хоёр орноос хол хоцорч байгаа нь нууц биш. Ираны Газрын тосны сайд Жавад Овжи хэлэхдээ, тус улс 5 жилийн дотор үйлдвэрлэлийн хүчин чадлаа 30%-иар нэмэгдүүлж, 80 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн гэв. 2024 оны 10 дугаар сарын эхээр Иран болон Орос улсууд байгалийн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулж, Оросын "Газпром" жилд 109 тэрбум шоо метр хийг Иранд нийлүүлэхээ амлажээ. Энэхүү гэрээ нь Иран улсад өгөөжөө өгч, байгалийн хийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд дэм болно гэж үзээд байна.
БНХАУ-ын байгалийн хийн үйлдвэрлэл 2023 онд 234.3 тэрбум шоо метр болж, түүхэн дээд амжилт тогтоосон. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газар агаар мандалд ялгарах бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах зорилгоор нүүрсийг халахаар чармайж, байгалийн хийн хэрэглээг идэвхтэй дэмжиж байгаа. Тус улсын байгалийн хий үйлдвэрлэл 2013-2023 он хүртэл 92.3%-иар өссөн. Гэвч Хятад улсын эрэлтийн тал хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж чадахгүйд хүрсэн тул үлдсэнийг нь импортолж байна. Ингэхдээ Австрали, Туркменистан, АНУ, Малайз, Орос, Катар зэрэг улсаас их хэмжээгээр импортолдог аж. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар (EIA), "Хятадын Засгийн газар 2022 оны 3 дугаар сард XIV таван жилийн төлөвлөгөөг (2021-2025) баталж, 2025 он гэхэд дотоодын байгалийн хий үйлдвэрлэлийн зорилтоо өдөрт 22.3 тэрбум шоо фут байхаар тогтоосон нь 2021 оныхоос өссөн үзүүлэлт" гэжээ.
Дэлхийд эхний тавт орж буй Канад улс 2023 онд 190.3 тэрбум шоо метр байгалийн хий үйлдвэрлэсэн ба батлагдсан нөөц нь 83 их наяд шоо фут болжээ. Үүнээс гадна, Канад бол байгалийн хийн томоохон экспортлогч орон. Гэхдээ хийгээ зөвхөн хоолойгоор дагнан экспортолдог бөгөөд АНУ тус улсын цорын ганц худалдааны түнш юм. Ерөнхийлөгч Трамп 2025 онд Канадаас хүч, тэр дундаа байгалийн хийд 10%-ийн тариф ногдуулахаар заналхийлсэн. Үүний улмаас Канад даяар хийн хоолойн бүтээн байгуулалт, өргөтгөлийг эрчимжүүлэх, худалдааны түншүүдээ төрөлжүүлэх шаардлага тулгарч байна.
БАЙГАЛИЙН ХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Сүүлийн жилүүдэд байгалийн хийн зах зээл эрчимтэй тэлсэн. 2024 онд тус зах зээл 1,160 тэрбум ам.доллар байсан бол энэ онд 1,262 тэрбум ам.долларт хүрч, жилийн дундаж өсөлт (CAGR) нь 8.8% байх ажээ. Ийнхүү өөрчлөгдөхөд хэд хэдэн салбар, тэр дундаа эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хэрэглээ, орон сууц болон худалдааны зориулалттай халаалтын систем, тээврийн хэрэгслийн түлш ихээр нөлөөлнө.
Ирэх хэдэн жилд ч энэхүү зах зээл тэлэх хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2029 он гэхэд 1,670 тэрбум ам.доллар болох төлөвтэй байгаа. Цаашид хий тээвэрлэхэд зориулсан дэд бүтэц хурдацтай хөгжиж, үйлдвэрүүд болон мэдээллийн төвүүдэд байгалийн хийн хэрэглээ нэмэгдэхийн сацуу сэргээгдэх байгалийн хийг (Renewable natural gas) ашиглах зэргээр шинэ чиг хандлага бий болно.