Гренланд улс "Greenland Resources" компанид Европын холбооны (ЕХ) дэмжлэг авсан “Malmbjerg” молибдений ил уурхайг ашиглах зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгожээ.
Тус уурхай жил бүр 32.8 сая фунт молибден олборлох бөгөөд эхний 10 жилийн хугацаанд ЕХ-ны жилийн хэрэгцээний 25 орчим хувийг хангахаар төлөвлөсөн.
Молибден бол мөнгөлөг цагаан металл бөгөөд гангийг илүү бат бөх, өндөр температур болон зэвэнд тэсвэртэй болгодог. Молибден нь нисэхийн болон сансрын технологи, эрчим хүч, батлан хамгаалах зэрэг салбарт өргөн хэрэглэгддэг чухал металл юм. Өнөөдрийн байдлаар Хятад улс молибдений гол нийлүүлэгч бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хариуд металлын экспортоо хязгаарласан.
“Malmbjerg” төслийг Европын түүхий эдийн холбоо (ERMA) дэмжиж байгаа бөгөөд томоохон аж үйлдвэрийн компаниудын анхаарлыг хэдийнэ татаад эхэлсэн. Энэ оны эхээр Greenland Resources Финландын Outokumpu болон Италийн Cogne Acciai Speciali компаниудтай молибден нийлүүлэх оффтэйк гэрээ байгуулсан.
Гренландын Бизнес, эрдэс баялаг, эрчим хүч, хууль зүй, жендэрийн тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд Наажа Х.Натаниэлсен уг төслийг тус улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн том алхам гэж нэрлэв.
“Malmbjerg” зэрэг төслүүд нь ажлын байр шинээр бий болгох, бизнесийн орчинг сайжруулах болон нутгийн иргэдэд шууд үр өгөөжийг бий болгох замаар манай улсын эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхыг бэхжүүлэх гэсэн зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулдаг гэж Натаниэлсен тэмдэглэв.
ТЭЗҮ-д тооцоолсноор “Malmbjerg” төсөл 20 жилийн хугацаанд зөвхөн татвараар бараг 1 тэрбум ам долларын орлого олох боломжтой. “Malmbjerg” төслийг баталсан нь Гренландын уул уурхайн салбарыг сонирхох явдал улам нэмэгдсэний шинж тэмдэг. Өнгөрсөн сард Дани-Францын хамтарсан уул уурхайн групп ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авсан. Энэ сарын эхээр ЕХ 13 чухал ашигт малтмалын төслийн жагсаалтад Гренландын бал чулууны төслийг оруулсан. 3 дугаар сард ЕХ өөрийн газар нутагт уул уурхайн 47 төслийг баталсны дараа эдгээр үйл явдал болж өнгөрсөн.
Эх сурвалж: mining.com