“Оюу Толгой” ХХК Монголд анх удаа хэрэгжиж буй газрын гүнээс хүдэр тээвэрлэх туузан дамжуургын дэвшилтэт системийг ашиглалтад орууллаа.
Энэ нь 1,300 метрийн гүнээс хүдрийг газрын гадарга руу 24 цагийн турш тасралтгүй тээвэрлэх дүүжин туузан дамжуургын дэвшилтэт систем юм. Харин уламжлалт аргаар гүний уурхайгаас хүдрийг лифтээр зөөдөг байжээ.
Энэхүү туузан дамжуургын системийн нийт урт нь 8 километр буюу ойролцоогоор Сүхбаатарын талбайгаас Драгон терминал хүрэх зайтай тэнцэхүйц аж.
Өдөрт 95,000 тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай гэдэг нь бүтээмж 4-5 дахин нэмэгдэж байгаа гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй байгальд ээлтэй ухаалаг шийдэл гэдгийг тус компани онцолжээ.
Системийн гол хэсгийг бүрдүүлэх туузыг дэлгээд тавибал 13,670 метр урт бөгөөд барагцаалбал 1,500 тонн жинтэй юм байна. Тиймээс уг туузыг хөдөлгөхийн тулд 5.5 мегаваттын хүчин чадалтай 96.8 тонн жинтэй найман ширхэг араагүй мотор суурилуулсан нь дамжуургын системийн “зүрх” нь юм.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол инженерүүдийн ур чадвар дэлхийн түвшинд хүрснийг илтгэх тод жишээ болоод байна.
Эх сурвалж: "Оюу Толгой" ХХК