Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран “Тогтвортой нөлөөллийн төлөөх түншлэл” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг энэ сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төрийн өмчит уул уурхайн тэргүүлэх компаниудын удирдлага оролцсон бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д нийцсэн олон улсын туршлагыг төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ялангуяа ТХЗ-ын Нөлөөллийн стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн аж.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан ТХЗ-ын Нөлөөллийн стандарт нь байгууллагуудын стратеги, засаглал, үйл ажиллагаанд тогтвортой хөгжил, ил тод байдал, урт хугацааны үнэ цэнийг нэвтрүүлэхэд чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм. Энэхүү стандарт нь байгууллагуудыг ТХЗ-тай уялдан ажиллаж, бодитой, хэмжигдэхүйц нөлөөлөл бий болгоход удирдан чиглүүлдэг.
Монгол Улсад төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд ялангуяа уул уурхайн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, дотоодын нийт бүтээгдэхүүн, хөдөлмөр эрхлэлт болон төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. ТХЗ-ын Нөлөөллийн стандартыг хэрэгжүүлэх нь төрийн өмчит компаниудыг тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн хөгжилд манлайлахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон арга хэмжээг нээж үг хэлэхдээ, “Монгол Улсын хөгжлийн замнал эдийн засгийн хувьд тогтвортой байж, нийгмийн хариуцлагыг эрхэмлэж байх ёстой. Манай төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд тогтвортой, хүртээмжтэй, ирээдүйг угтсан эдийн засгийг бий болгох үйлсэд манлайлах үүрэгтэй юм. Тиймээс энэхүү цаг үеэ олсон санаачилгыг талархан хүлээн авч, төрийн өмчит байгууллагуудыг өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг Тогтвортой хөгжлийн зорилгын нөлөөллийн стандартад нийцүүлэн хөгжүүлэхийг уриалж байна” хэмээн онцоллоо.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн энэхүү хамтын санаачилгын ач холбогдлыг тодотгоод “Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийн хувьд "Эрдэнэс Монгол" нь тогтвортой хөгжил, ил тод байдлыг төлөвшүүлэхэд манлайлан оролцох болно. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын Нөлөөллийн стандартыг нэвтрүүлэх энэхүү цогц үйл ажиллагаа нь урт хугацааны үр нөлөөллийг бизнесийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх, мөн төрийн өмчит бусад үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд үлгэрлэх нэгэн чухал алхам болж байна” хэмээсэн юм.
Тогтвортой бизнесийн загварууд нь ирээдүйн тогтвортой, хүртээмжтэй хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй болохыг дэлхий нийтээр улам бүр хүлээн зөвшөөрч байгаа. “Better Business Better World” (2017) тайланд дурдсанаар бизнесийн стратегийг тогтвортой хөгжилтэй уялдуулж, 2030 он гэхэд 12 их наяд ам.долларын эдийн засгийн боломжийг нээж, 380 сая хүртэл ажлын байр шинээр бий болгох боломжтой гэж үзжээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска “ТХЗ-ын Нөлөөллийн стандартыг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг тогтвортой, хариуцлагатай шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын биелэлтэд бодитой хувь нэмэр оруулахад нь туслах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан юм. Эдгээр стандарт нь төрийн өмчит компаниудын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үндэс сууринд тогтвортой хөгжил, хариуцлагыг нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон "Эрдэнэс Монгол" нэгдэл нь Монгол Улсад хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр түншлэлийн замналаа эхлүүлж буй нь энэ юм. Энэхүү хамтын ажиллагаа нь гурван үндсэн чиглэлийг хамрах аж. Тухайлбал, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон Тогтвортой хөгжлийн зорилгын Нөлөөллийн стандартыг "Эрдэнэс Монгол" нэгдлийн шийдвэр гаргах бүхий л түвшинд нэвтрүүлэх; Хүртээмжтэй засаглал, талуудын идэвхтэй оролцоог дэмжих замаар харилцан итгэлцлийг бэхжүүлэх; Байгальд суурилсан шийдлүүдийг ашиглан ногоон шилжилтийг хурдасгах, түүгээрээ нэгдлийн үйл ажиллагаанд урт хугацааны тогтвортой байдлыг хангахад тус тус чиглэнэ.
Эх сурвалж: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)