Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад, Төв Азийн уул уурхайн стратегийн хамтын ажиллагаа өргөжиж байна

О. Дөлгөөн

Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ сарын 17-нд Казахстаны нийслэл Астанад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Төв Азийн орнуудтай харилцаагаа дээшлүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Хятад улс энэхүү стратегийн чухал бүс нутгийн орнуудтай худалдаа, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг зорьж байна.

Тэрбээр энэ онд Төв Азийн орнуудын амьдралын чанар, хөгжлийн төслүүдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум юанийн (ойролцоогоор 208.86 сая ам.доллар) буцалтгүй тусламж үзүүлэхээ амласан ба худалдаа, эрдэс баялаг, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалжээ.

Хятадын гаалийн албаны мэдээллээр, энэ оны эхний таван сард Хятадын Төв Азийн таван оронтой хийсэн хоёр талын худалдааны эргэлт 286.42 тэрбум юаньд хүрч, өмнөх оноос 10.4 хувиар өссөн байна.

Бүс нутгийн удирдагчидтай тусгайлан хийсэн уулзалтуудын үеэр Хятадын дарга Ши Жиньпин байгалийн хий, эрдэс баялаг, олон улсын төмөр зам, хууль сахиулах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг талуудад уриалсан юм.

Тэрээр Узбекийн болон Киргизийн Ерөнхийлөгчидтэй уулзахдаа Оросыг тойрсон шинэ төмөр замын төсөл болох Хятад-Киргизстан-Узбекстаны төмөр замын бүтээн байгуулалтыг ахиулахыг хүссэн бөгөөд энэ төсөл нь бараа, бүтээгдэхүүнийг Оросоор дамжуулахгүйгээр Европ руу шуурхай илгээх боломжийг олгоно.

1990-ээд оноос хойш яригдаж байгаа уг төсөл Оросод тавьсан хориг арга хэмжээний улмаас чухал ач холбогдолтой болсон бөгөөд Төв Азийн таван орон Хятадын хувьд түлш, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжит маршрутыг санал болгож байгаа юм.

Урт хугацаандаа энэ зам нь Хятад болон Европын хоорондын ачаа тээврийн хугацааг богиносгоход туслах боломжтой.

Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтой хийсэн уулзалтаар Ши Жиньпин байгалийн хийний хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчнээс гадуурх салбаруудад хамтран ажиллах, худалдааны бүтцийг сайжруулах хэрэгтэйг онцолсон байна.

Эх сурвалж: reuters.com