Ч. Сансар
Critical Metals Corp АНУ-ын Экспорт-Импорт (Эксим) банкнаас Гренландад газрын ховор элементийн Tanbreez төслийг санхүүжүүлэх зорилгоор 120 сая ам.долларын зээл авна гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Tanbreez төсөл нь газрын ховор элементийн дэлхийн хамгийн том ордуудын нэг юм. Өнгөрсөн долоо хоногт Эксим-ээс бичсэн захидалд, Нью-Йоркт төвтэй Critical Metals компани 15 жилийн хугацаатай 120 сая долларын зээлд хамрагдах анхны шаардлагыг хангасан байна гэжээ.
Tanbreez төслийн нийт зардал 290 сая ам.доллар байхаар тооцоолсон бөгөөд Эксим-ийн зээлийг техникийн ажлыг санхүүжүүлэх, 2026 он гэхэд уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэхэд зарцуулах юм байна.
Tanbreez уурхай ашиглалтад орсноор эхний ээлжинд жилд 85 мянган тонн газрын ховор элементийн баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байна. Дараа нь олборлолт нь нэмэгдэж, жилд 425 мянган тоннд хүрнэ. Ашиглалтын лиценз нь 2050 он хүртэл хүчинтэй.
Энэ оны эхээр Critical Metals компани Tanbreez төслийн эдийн засгийн үнэлгээг нийтэлсэн. Уг төсөл нь 3 тэрбум орчим долларын үнэлгээтэй, дотоод өгөөжийн түвшин (IRR) нь 180% юм. Эксим банк АНУ-ын засгийн газрын экспортын зээлийн агентлагийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Critical Metals-ын бизнес нь Хятадтай өрсөлддөг тул зээлийн хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэж захидалдаа бичжээ.
Цахилгаан машинаас эхлээд батлан хамгаалахын систем зэрэг өндөр технологийн салбарт ашиглагддаг 17 төрлийн ховор элемент нь сүүлийн үед Хятад-Америкийн худалдааны маргааны гол сэдэв болоод байна.
Хятадууд одоогоор дэлхийн хэмжээнд газрын ховор элементийн олборлолтын 60 орчим хувь, боловсруулах хүчин чадлын бараг 100%-ийг хянадаг. 2023 онд Хятад улс АНУ-аас бараг зургаа дахин их буюу 240 мянган тонн олборлож байсан. 2020-2023 оны хооронд Хятад улс Америкийн ховор элементийн импортын 70 орчим хувийг бүрдүүлсэн.
Хятададаас хараат байдлаа бууруулахын тулд дэлхийн ус орнууд газрын ховор элементийн шинэ ордын хайгуул судалгааг эрчимтэй явуулж байгаа. Одоогийн байдлаар АНУ-д зөвхөн нэг идэвхтэй уурхай бий: MP Materials компанийн эзэмшдэг Калифорни дахь Mountain Pass уурхай.
Энэ мэдээ гарсаны дараа Critical Metals компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр 21.4%-иар өсч, 2.46 доллар болсон бөгөөд зах зээлийн үнэлгээ 225.8 сая доллар хүржээ.
Хэрэв Эксим банкны зээл батлагдвал Tanbreez төсөл нь Трампын засаг захиргааны үед АНУ-ын засгийн газраас санхүүжилт авсан анхны гадаад уул уурхайн төсөл болох юм.
АНУ Гренландын байгалийн баялаг, критикал минералыг их сонирхож байгааг уг захидалд онцолжээ. Critical Metals уг төслийн хүрээнд боловсруулах үйлдвэр барих шаардлагатай. АНУ-ын нутаг дэвсгэрт ашигт малтмалаа боловсруулах зорилготой гэдгийг тус компанийн төлөөлөгчид мэдэгдлээ.