Т.Бямбанаран
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын тайланд дурдсанаар 2040 он гэхэд дэлхийн зэсийн эрэлт 40 гаруй хувиар өсөхөөр байна. Үүний гол шалтгаан нь сэргээгдэх эрчим хүч болон дэвшилтэт технологийн хурдацтай хөгжил. 2026 оноос зэсийн хэрэглээ улам бүр нэмэгдэж, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний салбарт нийлүүлэлтийн дутагдалд орж болзошгүй аж.
Эрэлт ийнхүү эрчимтэй нэмэгдэхийн хажуугаар түүхий эдийн нөөц хомсдож, улмаар нийлүүлэлт нь эрэлтэд "чирэгдэх" эрсдэлтэй тулгарч байна.
"Goldman Sachs" банкны мэдээлж буйгаар Хятадын зэсийн эрэлт тогтворжиж, олон улсын худалдааны асуудал намжих өнгө аяс ажиглагдаж байгаа зэрэг хүчин зүйлээс хамаарч зэсийн үнэ ойрын хугацаанд өсөх төлөвтэй байна.
Тус металлын үнэ энэ оны 10 дугаар сард 9,000 ам доллар орчимд хүрч, ирэх жилээс 10,000 ам.доллароос давах төлөвтэй байна.
2025-2030 оны хооронд зэсийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдал алдагдах магадлалтай. Зэсийн олборлолт дэлхий дахинд үүсэж буй асар их хэрэгцээ, шаардлагыг гүйцэлгүй ард нь хоцорч, улмаар жил бүр 4-8 сая тонн зэс дутагдах тооцоо гарсан. Энэ тоо өөрөөр илэрхийлбэл дэлхий нийтээр олборлож буй зэсийн 15- 20%-ийг эзлэх хэмжээ юм.
"Зэс бол зүгээр ч нэг түүхий эд байхаа хэдийн больж, эрчим хүч болон дижитал технологийн тулгуур, стратегийн нөөц баялаг болсон" хэмээн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Олон улсын худалдааны газрын захирал Луз Мария де ла Мора онцолжээ.
Энэхүү үнэт металлын олборлолт цөөн хэдхэн улсад төвлөрсөн нь нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл дагуулна хэмээн судлаачид эмзэглэж байна. Үүнээс гадна өндөр агууламжтай зэсийн ордуудын ихэнх нь аль хэдийнээ ашиглагдаж дууссан ба үлдсэн ордууд нь зэсийн нөөц багатай, олборлоход эрчим хүч, хөрөнгө оруулалт илүү ихээр шаардагдах сул талтай. Жишээлбэл, Чилийн томоохон уурхайнуудын хүдэр дэх зэсийн агууламж сүүлийн 20 жилийн хугацаанд 1.2%-иас 0.7% болж буурсан тухай "CRU" судалгааны групп мэдэгдсэн. Үүний улмаас өмнөхтэй ижил хэмжээний зэс гарган авахын тулд илүү их хүдэр олборлож байна гэсэн үг.
ЗЭСИЙН ҮНЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛС
Зэсийн хэрэглээ, ач холбогдол нэмэгдэж буйн нэг нотолгоо нь дэлхий нийтээр ногоон технологид эргэлт буцалтгүй шилжиж буй явдал юм. Цахилгаан автомашиныг үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас 3-4 дахин их зэс хэрэглэдэг. Тиймдээ ч энэ нь зэсийн эрэлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болжээ. 2025 онд дан ганц цахилгаан автомашин үйлдвэрлэлээс үүсэх зэсийн эрэлт 1.2 сая тоннд хүрч, нийт эрэлтийн ойролцоогоор 5%-ийг бүрдүүлэхээр байгааг Зэсийн олон улсын судалгааны байгууллага (ICSG) тайландаа тусгажээ.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) тооцоолсноор энэ онд нийт 20 сая гаруй цахилгаан автомашин борлуулагдах бөгөөд 2020 оны 3.2 саятай харьцуулахад огцом өссөнийг харж болно. Нэг цахилгаан автомашины хөдөлгүүр, батарей болон утсан холболтод дунджаар 80 кг-аас шаардлагатай байдаг бол уламжлалт автомашинд 23 кг зэс ордог. Дэлхий дахин нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, ногоон ирээдүйг цогцлоох чиг хандлагыг нэгэнт баримтлах болсноор зэсийн хэрэглээ тасралтгүй өсөж, үнэ ханш дагаад өсөх нь дамжиггүй.
Тус металлын үнийн хэлбэлзэл нь гол төлөв нийлүүлэлтээс хамаардаг. Конго, Перу, Чили зэрэг дэлхийд зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын уурхайн олборлолт тасалдах зэрэг саад бэрхшээл тулгарч, олборлож буй зэсийн хэмжээ болон үйлдвэрлэлийн зардалд шууд нөлөөлж байна, Тодруулбал, байгаль цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны хууль тогтоомж, уурхайн ажилчдын ажил хаялт, уурхайн бүсэд үүссэн иргэдийн эмх замбараагүй байдал зэргийг дурдаж болно.
Жишээлбэл, 2023 онд Чилийн зэсийн уурхайд ажил хаялт болоод зогсохгүй ган гачиг тохиосны улмаас зэсийн олборлолт нь царцаж, дэлхийн зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байдаг. Ийм нөхцөл байдал энэ жил ч давтагдах төлөвтэй байгаа онцлох нь зүйтэй.
Дэлхий нийтийн зэсийн хэрэглээний 55 орчим хувийг өмнөд хөрш БНXАУ дангаараа эзэлж байна. Тиймээс тус улсын хэрэглээ их, бага байхаас хамаарч зэсийн үнэ ихээхэн савладаг.
Хятадын зэсийн баяжмалын импорт өнгөрсөн сард түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч, 2.9 сая тонн болсон. Импорт огцом өсөх болсон гол шалтгаан нь ойрын хугацаанд ашиглалтад орох зэс хайлуулах шинэ үйлдвэрүүдэд зориулан шаардлагатай түүхий эдийн нөөцөө урьдчилан базааж буйтай холбоотой. Тэд ихэнх үйлдвэрээ 2025 оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.
Зэсийн зах зээлд нөлөөлөгч өөр нэгэн хүчин зүйл нь яах аргагүй тарифын бодлого. АНУ-ын импортын татвар зэсийн зах зээлд тодорхойгүй байдал үүсгээд удаж байна. Тус улс зэсийн импортод 10- 15%-ийн татвар ногдуулах эсэх шийдвэр удахгүй тодорхой болох ч салбарын мэргэжилтнүүдийн таамгаар энэ татварыг 2025 оны сүүл хүртэл хойшлуулж магадгүй. Үүний улмаас зах зээлд бодлогын тодорхой бус байдал цаашид үргэлжлэхээр байна.
Чили улс АНУ-тай 1.7 тэрбум ам.долларын худалдааны ашигтай тэнцлийг хадгалж байгаа нь онцлох үзэгдэл юм. АНУ-д нийлүүлж буй Чилийн зэсийн хэмжээ нь тус улсын нийт зэс үйлдвэрлэлийн ойролцоогоор 10%-ийг эзэлж, хоёр орны хувьд худалдаа, эдийн засгийн чухал холбоог үүсгэжээ.
Сонирхолтой нь, АНУ-аас импортын бүх бараанд ногдуулж буй 10%-ийн нийтлэг тарифаас зэсийг чөлөөлсөн хэвээр байгаа. Энэ нь тус улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжилд зэс онцгой байр суурь эзэлж буйн илрэл юм.
2025 ОНЫ ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТӨЛӨВ
Зэсийн зах зээлийн хувьд 2025 он олон асуудлын угтвар цэг болох нь дамжиггүй.
Нийлүүлэлт харьцангуй удааширч буй энэ үед эрэлт эрчимтэй өсөж, зах зээлийн тэнцвэрт байдалд хүчтэй дарамт үзүүлж эхэлжээ. Дэлхий дахинд зэсийн зарим ордын ашиглалт, үйлдвэрлэл саатаж байна. Харин нөгөө талаас цэвэр эрчим хүч, технологийн салбарт зэсийн хэрэгцээ эрчээ авсаар байгаа. Иймээс хөрөнгө оруулагчид болон салбарын тоглогчид зах зээлийн чиг хандлагыг нарийн ойлгож, хариу арга хэмжээ авах нь урьд урьдынхаас илүү тулгамдсан асуудал болжээ.
Энэ онд дэлхийн нийт зэсийн уурхайн олборлолт 23.2 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа нь 2024 оныхтой харьцуулахад ердөө 3-хан хувиар өссөн үзүүлэлт. Зэсийн олборлолтод хэд хэдэн орон дорвитой хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, Чилид олон жил үргэлжилсэн төслүүд аажмаар үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, өмнөх онд олборлолт нь 2 орчим хувиар ахисан. Харин Конгод эрчим хүчний хангамж сайжирснаар зэсийн олборлолт бараг 10%-иар эрс өсжээ. Өмнөд хөрш Хятад улс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулж эхэлсэн байна.
Эдгээр хүчин зүйл нийлээд зэсийн олборлолтод багахан хэмжээний ахиц авчрах ч эрэлт нь үүнээс хэд дахин илүү эрчимтэй өсөж, зах зээлийн тэнцвэргүй байдал ойрын жилүүдэд үргэлжлэх төлөвтэй байна.
Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар 2040 он гэхэд дэлхийн зэсийн эрэлтийг хангахын тулд ойролцоогоор 80 орчим шинэ уурхай шаардлагатай болох нь. Дээрх тоог харвал ирэх жилүүдэд уул уурхайн салбар ямар хүнд сорилттой нүүр тулгарах нь илт байна.
Хэрэв шинэ уурхайнуудыг цаг тухайд нь нээж, ашиглалтад оруулж чадахгүйд хүрвэл зэсийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам холдож, хомсдол үүсэх өндөр эрсдэлтэй.
Чили улсын "Anglo American Chile" компанийн Гүйцэтгэх захирал Патрисио Идалго энэ байдалд яаралтай анхаарах шаардлагатайг онцлоод "2040 он булан тойроод биднийг хүлээж байна" хэмээн санаа зовнингуй хэлсэн нь цаг хугацаа тун хомс байгааг сануулж буй хэрэг.
Шинээр уурхай байгуулах нь олон жилийн төлөвлөлт, лиценз, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг багтаасан нөр их хөдөлмөр.
ТОМООХОН КОМПАНИУД ХАМТРАН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨТГӨНӨ
"Anglo American" группийн гол уурхай болох "Los Bronces" өнгөрсөн онд нийт 172,400 тонн зэс үйлдвэрлэжээ. Гэвч энэ хэмжээ 2023 оныхоос 20%-иар буурсан бөгөөд гол шалтгаан нь боловсруулах үйлдвэрийн засвар үйлчилгээний ажлуудтай холбоотой аж.
Тус групп өмнөх онд 466,000 тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн нэгд зүй ёсоор тооцогдож байв. Гэхдээ 2025 онд 380,000-410,000 тонн болж бага зэрэг буурах төлөвтэй байгаа.
Урт хугацааны төлөвлөгөөндөө тус компани 2030-аад оны эхээр зэсийн үйлдвэрлэлийн эзлэх хувьцаагаа 1 сая тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн. Энэхүү стратегийн цаана уг компанийн хэдэн гол уурхай бий. Тодруулбал, "Los Bronces" болон "El Soldado" уурхайн 50.01%-ийн хувьцаа, баяжуулах үйлдвэр, "Chagres" "Collahuasi" уурхайн 44%-ийн эзэмшил зэрэг стратегийн чухал хөрөнгө оруулалтад найдаж буйгаа нуусангүй.
"Collahuasi" уурхайн хувьцааны 44% ийг Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй "Glencore" компани, 12%-ийг Японы "Collahuasi Resources B.V." компани тус тус эзэмшиж, үйл ажиллагаагаа хамтран явуулж байна. Энэхүү хамтын ажиллагааны загвар нь хөрөнгө оруулалт, туршлагаа хуваалцан нөөцийг илүү үр өгөөжтэй ашиглах, санхүүгийн эрсдэлийг хуваарилах зэрэг ашиг тустай.
Мөн "Anglo American" болон Чилийн төрийн өмчит "Codelco" компани 2025 оны 2 дугаар хагасаас эхлэн албан ёсоор хамтран ажиллахаа мэдэгдсэн. Тэд 2030-2051 оны хооронд ийнхүү хамтран ажиллах юм байна. Эдгээрээс гадна, Австралийн "ВНР" болон Канадын "Lundin Mining" компанийн хамтран эзэмшдэг "Vicuna Согр" компани Аргентинд хэрэгжүүлж буй зэсийн 2 төслийн олборлолтоо 2030 оноос эхлүүлнэ гэдгээ Ройтерс агентлагт мэдээлжээ.
Аргентин улс 2018 оноос хойш зэс үйлдвэрлээгүй ч томоохон төслүүдийн ачаар дэлхийн шилдэг 10 зэс үйлдвэрлэгч орны нэг болох боломжтой.
"Vicuna" компанийн хэрэгжүүлж буй дээрх хоёр ордод зэсийн баталгаат нөөц 13 сая тонн, таамагласан нөөц 25 сая тонн болох нь тогтоогдсон. "Ийм төрлийн төслийн бүтээн байгуулалт ойролцоогоор 3 жил, зарим тохиолдолд түүнээс ч илүү хугацаа шаарддаг" хэмээн тус компанийн төлөөлөгч Жосе Морза ярьсан юм.
"ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИ 500 МЯНГАН ТОНН ЗЭС ҮЙЛДВЭРЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Үндэсний статистикийн хорооноос гаргасан "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал-2025" тайлангаас харахад энэ оны эхний 4 сард Монгол Улсын нийт экспорт өмнөх жилийн мөн үеэс 695 сая ам.доллароор буурсан нь гадаад худалдааны орлогын хувьд тодорхой хэмжээний сорилтыг үүсгэж байна. Гэхдээ зэсийн хүдэр. баяжмалын экспорт өсөж, тэрхүү орон зайг тодорхой хэмжээнд нөхөж чадлаа.
Тус металлын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 501.8 сая ам.доллароор нэмэгдэж, нийт экспортын 32.4%-ийг дангаараа бүрдүүлсэн нь зэсийн экспорт манай улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваагийн нэгэн жишээ.
Монгол Улсын зэсийн экспортод "Оюу толгой" төсөл жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. 2025 оны 1 улиралд "Оюу толгой" компани 65,215 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн тухайгаа тайландаа тусгажээ. Энэ онд нийт үйлдвэрлэлээ 2024 оныхоос 50%-иар өсгөх зорилт тавьсан бөгөөд баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, 2 дугаар анхдагч бутлуурыг ашиглалтад оруулах зэрэг хүчин зүйлс үүнд нөлөөлөх юм.
"Оюу толгой" нь урт хугацаандаа Монголын зэсийн экспортын найдвартай эх үүсвэр хэвээр байхын зэрэгцээ дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болохоор зорьж яваа. Үүний тулд 2028-2036 онд гүний болон ил уурхайг хослуулан жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх стратегийг баримтлан ажиллаж байна.
Зэсийн хилийн үнэ 2024 оныхоос тонн тутамд дунджаар 349.6 ам.доллароор өсөж, 2093 ам.долларт хүрсэн. Мөн Хятад руу гаргасан нийт экспортын 35.5%-ийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж буй. Энэ бүхнээс үзвэл дэлхийн зах зээлээс гадна өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт, зэсийн эрэлт манай улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлж байна.
Дэлхий дахинд эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч зэргийг уриалан дэмжиж, үүнийг дагаад зэсийн эрэлт болон үнэ тасралтгүй өсөх төлөвтэй байна. Иймээс манай улсын экспортын орлого нэмэгдэх нь гарцаагүй. Гэвч нэг улсын зах зээлээс хэт хараат экспорт нь геополитикийн цочрол, тухайн улсын дотоодын эрэлт, нийлүүлэлт зэрэгт тун өртөмтгий, эмзэг байдал үүсгэж болзошгүй. Тиймээс Монгол Улс нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн зэсийн баяжмалын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах шаардлагатай юм.