Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Канадын Элчин сайд “Баянхөндий” алтны төслийн явцтай танилцлаа

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Шүфани 2025 оны 6-р сарын 9-ний өдөр Баянхонгор аймаг дахь “Баянхөндий” алтны уурхайд зочиллоо. Тус төсөл нь Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” болон Монголын Уул Уурхайн Корпорацын (MMC) хамтарсан “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалттай төсөл юм.

Энэхүү төсөл нь 2016 онд байгуулсан Монгол, Канадын хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээрийн бодит үр дүнгийн нэг бөгөөд хоёр орны эдийн засгийн түншлэлийн тод жишээ болж байна.

20 жилийн өмнө илрүүлсэн “Баянхөндий” ордын олборлолт ойртож байгаа бөгөөд үйлдвэрлэлийг 2025 оны сүүлээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Уурхайн боловсруулах үйлдвэр нь жилд 650,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монголын уул уурхайн салбарт бодит хувь нэмэр оруулах зорилготой.

Төсөл нь тогтвортой хөгжлийн зарчимд суурилж, үйлдвэрт хэрэглэсэн усны 93.9%-ийг дахин ашиглахаар төлөвлөсөн ба байгаль орчинд ээлтэй орчин үеийн байгууламжуудыг ашиглана. Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд 2024 онд 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Шинэжинст болон Баян-Өндөр сумдад боловсрол, эрүүл мэнд, байгаль хамгаалал, дэд бүтцийн чиглэлээр дэмжлэг үзүүлжээ.

Элчин сайд Шүфани хариуцлагатай уул уурхайн хөгжилд хувь нэмрээ оруулж буй төслийн багийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Канад Улс Монголын эдийн засгийн хөгжилд урт хугацааны, хүртээмжтэй үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхийг тууштай дэмжихээ илэрхийлэв.

 

Сэтгэгдэл (1)

  • Чимгээ (202.21.127.82)
    Ажилд нь амжилт хүсье
    2025 оны 06 сарын 17 | Хариулах