Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

"ОНТРЭ РЕСУРС" ХХК-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭНЭ

А.Халиун

Tуркойз хилл ресурс", "Онтра ресурс лимитэд" компаниуд 2004 онд буюу Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо Ашиг хуваах гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр "Онтра ресурс"-ийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд "Туркойз хилл ресурс" компани 35.0 сая ам доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70.0% болон 30.0%, 560 метрээс доош бол 80.0% болон 20.0%-ийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70. 80%-ийн ашиг хүртэх эрхээ "Туркойз хилл ресурс" компани 2005 онд "Оюу толгой" ХХК-д шилжүүлсэн аж.

Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүдэд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн "Онтрэ ресурс компани 2022 оны 5 дугаар сард арбитрын маргаан үүсгэсэн. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах болон "Онтрэ ресурс" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг "Оюу толгой" ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргаад байгаа юм. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс "Оюу толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны 1 дүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон.

Oюy толгой ордыг ашиглахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсны дараа хайгуулын 5 тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон бөгөөд Оюутолгой төслийн бүх төлөвлөлтийг хийхдээ "Онтрэ"- гийн тусгай зөвшөөрлийг хамруулан тооцжээ. Гэвч энэ хоёр компанийн хооронд асуудал бүрэн шийдэгдээгүй бөгөөд "Онтрэ"- гийн 2 тусгай зөвшөөрлийг "Оюу толгой"-д шилжүүлэх Арбитрын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажил одоо өрнөж байна" гэсэн мэдээллийг "Рио Тинто Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал хэвлэлд өгсөн байна.

Х.Амаржаргал захирал энэ талаар, "Тусгай зөвшөөрлийг бид аль болох ойрын хугацаанд шилжүүлэх хүсэлтэй байна. Учир нь 2025 оны 6 дугаар сарын эхээр Оюу толгойн гүний уурхайн хүдэр олборлолт "Онтрэ"-гийн тусгай зөвшөөрөлтэй талбайд эхэлнэ. 2028 оноос тус талбайгаас бүтээгдэхүүнийг баяжуулах үйлдвэр рүү гаргана.

Хэрэв тусгай зөвшөөрлийг хугацаанд нь шилжүүлж чадахгүйд хүрвэл санхүүгийн томоохон эрсдэл үүснэ. Гүний уурхайн төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарна. Энэ бол их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах томоохон ажил" гэж ярьсан байв.

Оюу толгойн бүлэг ордын хил хязгаар доторх 5 тусгай зөвшөөрлийн 3 нь "Оюутолгой" ХХК, 2 нь Канадын 100%- ийн хөрөнгө оруулалттай "Онтрэ ресурс" XXK/Entrée Resources Ltd/-ийн эзэмшилд байна.

Монгол Засгийн Улсын газрын (2025.04.09) хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын хил заагийг тогтоосон бөгөөд үүнд "Онтрэ ресурс" ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулаад байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу "Онтрэ ресурс" ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүй эзэмших, эсвэл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-өөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлж байв. Энэ асуудлыг Засгийн газрын ХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал хариуцаж буй аж.

Монгол Улсын гуравдагч хөрштэй хийсэн анхны томоохон Хөрөнгө оруулалтын гэрээ болон "Оюутолгой" ХХК, "Онтрэ" компанийн хооронд тусгай зөвшөөрөл шилжүүлэх түүнчлэн Засгийн газар стратегийн ордоос хувь эзэмшихтэй холбоотой зэрэг асуудлаар УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, "Айвенхоу Майнз Лимитед", "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд "Оюу толгой" ХХК нь 6709А, 6708A, 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. 

Мөн уг гэрээний 3.3-т "....уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй" гэсэн заалт орсон байна.

"Онтрэ ресурс" компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох талаар заасныг сайд Ц.Туваан мэдээлэлдээ тодорхой дурдав.

Тусгай зөвшөөрлийг шилжүүлсний дараа Засгийн газар "Онтрэ ресурс" ХХК- ийн тусгай зөвшөөрөлтэй стратегийн ордын 34%-ийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу эзэмших асуудал хөндөгдөх бегеед "Онтрэ ресурс" ХХК 34%-иа шилжүүлэхэд бэлэн гэдгээ Засгийн газарт мэдэгдсэн байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8- д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг "Онтрэ ресурс" ХХК-д 2001 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр олгосон бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр "Шивээ толгой", "Жавхлант" нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0%. алтны 42.0%, мөнгөний 29.0%, молибдений металлын 94.0%-ийг хамарч буй хамгийн өгөөжтэй хэсэг аж.

Салбарын сайд мэдээлэлдээ, "Оюу толгойн бүлэг ордын сунгаж татсан тусгай зөвшөөрлийн талбайн Хойд Хюго ордын үзүүр хэсэг буюу "Шивээ толгой" нэртэй лицензийн хамгийн баялаг хэсэг нь "Онтрэ ресурс" ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайн хилд байрладаг. Оюу толгойн туннель "Онтрэ ресурс" ХХК-ийн хил дээр нь очоод зогссон. Блокчлон олборлоход "Оюу толгой" болон "Онтрэ ресурс"-ийн талбай дахь хүдэр бүгд нурна. Тэгэхээр "Онтрэ ресурс"- ийн тусгай зөвшөөрлийг "Оюу толгой" компанид шилжүүлэн өгөх тухай асуудал тавьж байна. 

 

Сэтгэгдэл (1)

  • Munkhbayar (163.116.243.114)
    Нэг мөр Херуга -н асуудлыг нэг тийш нь болгох байлгүй.
    2025 оны 06 сарын 16 | Хариулах