Ч.Сансар
Хятадын шингэрүүлсэн байгалийн хийн импорт 2022 оноос хойш анх удаа буурах төлөвтэй байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Өнгөрсөн өвөл харьцангуй дулаахан байсан, үйлдвэрүүдийн эрэлт буурсан, хоолойгоор дамжих хийн нийлүүлэлт нэмэгдсэн зэрэг нь энэ бууралтад нөлөөлсөн гэж хэлж болно.
Өнгөрсөн онд Хятад улс нийт 76.65 сая тонн LNG импортолжээ. Энэ жилийн импорт 2024 оны түвшинтэй харьцуулахад 6-11%-иар буурах төлөвтэй байна.
2025 оны эхний дөрвөн сард Хятадын шингэрүүлсэн хийн импорт 20 сая тонн болж буурсан. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 29 сая тонноор багассан үзүүлэлт юм.
Хийн импорт буурсан гол шалтгааны нэг нь Орос болон Төв Азийн орнуудаас нийлүүлдэг хоолойгоор дамжих хийн хэмжээ нэмэгдсэн, мөн дотоодод байгалийн хийн олборлолт өссөнтэй холбоотой юм. Хоолойгоор дамжих хийн импорт нь шингэрүүлсэн хийн импортын үнэ өртгөөс хямд байдаг.
Хятадын хийн эрэлт сул байгаа нь Ази, Европын бусад орнуудад таатай мэдээ байж болох юм. Азид шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт одоогоор өндөр биш байгаа ч энэ зун Азийн хойд хэсэгт агаарын температур нэмэгдэх төлөвтэй байгаа тул эрэлт хэрэгцээ мөн өснө гэж таамаглаж байна.
Европын хувьд хийн импортыг нэмэгдүүлэх шаардлага гарна. Учир нь гэвэл өнгөрсөн өвөл их хүйтэн байсан тул Европт их хэмжээгээр хий ашиглаад хийн агуулахууд нь хоосорсон. Одоо өвлийн нөөцөө бэлтгэх гэж европчууд их хэмжээгээр хий худалдаж авахаар төлөвлөж байгаа.
Эрэлт нэмэгдэх нь АНУ-ын хийн экспортлогчдод ашигтай байх бөгөөд тэд экспортын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд олборлолтоо нэмэгдүүлж байна.
Эх сурвалж: oilprice.com