Т.Бямбанаран
Монгол Улсын эдийн засгийн гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт 2025 оны эхний дөрвөн сард огцом буурсан дүнтэй гарлаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан гадаад худалдааны тайланд дурдсанаар дээрх хугацаанд нүүрсний экспортын орлого 1.23 тэрбум ам.доллароор буурч, улсын валютын орлого болон төсвийн гүйцэтгэлд мэдэгдэхүйц дарамт учруулаад байна.
2025 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл Монгол Улс нийт 22.8 сая тонн чулуун нүүрс экспортолж, 1.76 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь 2024 оны мөн үетэй харьцуулахад үнийн дүн нь 41.2% буюу 1.23 тэрбум ам.доллароор буурсан үзүүлэлт юм. Харин хүрэн нүүрсний хувьд 2,2 сая тонныг экспортолж, 78 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 дахин өсжээ.
Манай улсын нүүрсний экспорт ийнхүү огцом буурсны гол шалтгаан нь экспортын биет хэмжээнээс илүүтэй дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ эрчимтэй унасантай нягт уялдаатай. Нүүрсний хилийн дундаж үнэ оргил цэгтээ хүрсэн 2022 оноос хойш тогтмол буурсаар энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар тонн тутамдаа 67 ам.долларт хүрээд байгаа билээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 2025 оны эхний улиралд 21%-иар унасан нь Хятад тэргүүтэй Азийн орнуудын импортын эрэлт суларч, далайгаар тээвэрлэдэг нийлүүлэлт өссөнтэй холбоотой. Энэ буурах хандлага дөрөвдүгээр сард ч үргэлжилж, тонн тутмын дундаж үнэ 99 ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 2025 онд жилийн дүнгээр 27 хувиар буурчээ. Геополитикийн хурцадмал байдал болон дэлхийн улс орнуудын эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал эрэлтэд дарамт учруулж буй нь энэ юм.
2025 оны эхний дөрвөн сарын экспортын үзүүлэлт нь Монгол Улсын эдийн засаг нүүрсний зах зээлийн үнэ, Хятадын эрэлт хэрэгцээнээс хэт хамааралтай хэвээр байгааг харууллаа. Нүүрсний биет хэмжээ төдийлөн буураагүй ч, үнийн уналтаас шалтгаалан экспортын орлого бараг тал хувиар багассан байна.