Усны дээд хэмжээний чуулга уулзалт Парис хотноо энэ сарын 11-13 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулга уулзалтыг ЮНЕСКО Олон улсын Ус судлалын хөтөлбөрийн 50 жилийн ой болон Усны шинжлэх ухааны 60 жилийн ойтой хамтатган зохион байгуулж байгаа юм.
Дэлхий даяарх 29 усны төв, 93 профессор багшийн алба, 170 үндэсний хороог нэгтгэсэн “ЮНЕСКО-гийн Усны гэр бүл” энэхүү чуулга уулзалтад 250 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, БОУАӨЯамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга Х.Мягмаржав нар чуулга уулзалтад оролцож байна.
Чуулга уулзалтаар Олон улсын ус судлалын хөтөлбөрийн түүхэн ололт амжилтыг эргэн харж "Энхийн төлөөх усны шинжлэх ухаан, усны ирээдүй" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн, дараагийн 50 жилийн стратегийн алсын хараа, шинэчлэлийн чиг хандлага, хамтын ажиллагааны бодлогын хөтөлбөрүүдийг тодорхойлно.