Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ, Хятад газрын ховор элементийн нийлүүлэлтийн хэлэлцээрт хүрч, худалдааны зөрчил намжих төлөвтэй

П.Жаргалсүрэн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-тай газрын ховор элемент болон соронз нийлүүлэх асуудлаар хэлэлцээр хийж, хоёр тал зарчмын тохиролцоонд хүрснээ мэдэгдлээ. Уг хэлэлцээрийн хүрээнд Хятад улс АНУ-ын компаниудад газрын ховор элемент нийлүүлэхийг зөвшөөрсөн бол АНУ Хятадын оюутнуудад виз олгох хязгаарлалтаа зөөллөхөөр тохирсон байна.

Газрын ховор элементүүд нь орчин үеийн технологийн салбарууд, тухайлбал ухаалаг утас, цахилгаан автомашин, батерей болон хиймэл оюун ухааны төхөөрөмжийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Тиймээс эдгээр материалын нийлүүлэлтийн тогтвортой байдал нь дэлхийн эдийн засагт стратегийн ач холбогдолтой гэж үздэг.

Лондон хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээ нь сүүлийн саруудад хурцадсан худалдааны зөрчил, тарифын маргааныг намжаах зорилготой байв. Талуудын мэдээлснээр, уг тохиролцоо нь тавдугаар сард байгуулсан түр эвлэрлийн хүрээнд хэрэгжих бөгөөд хоёр орны төрийн тэргүүн нарын баталгаажуулсны дараа албан ёсоор хүчин төгөлдөр болох аж.

АНУ газрын ховор элементийн экспорт удааширч байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол Хятад улс АНУ-аас хийж буй технологийн экспортын хязгаарлалт, оюутнуудад тавьж буй визний бодлогыг шүүмжилжээ. Энэ удаагийн шинэ тохиролцоо нь худалдааны маргааныг бүрэн шийдвэрлээгүй ч хоёр орны харилцааг зөөллөх, цаашдын өргөн хүрээтэй хэлэлцээрүүдийн суурь болох чухал алхам болж байна.

Эх сурвалж: www.bbc.com