Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Оюу Толгойн төсөлд Рио Тинтогийн зүгээс томоохон инженерийн өөрчлөлт хийнэ

Credits: Rio Tinto

Т.Бямбанаран

Рио Тинто групп (LON: RIO) (ASX: RIO) нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгойн зэс, алтны уурхай дахь газрын гүний бүтээн байгуулалтын ажилд стратегийн өөрчлөлт хийхээр шийдвэр гаргалаа. Тодруулбал, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үйл явц удааширсаар байгаатай холбогдуулан Канадын “Онтре” ХХК-тай (“Entrée Resources” Ltd) хамтран хэрэгжүүлж буй төслийн бүтээн байгуулалтыг түр хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Оюу толгойн үйлдвэрлэлийн гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу урагшилж, 2028-2036 онд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлох зорилт нь хэвээр байгаа аж. Мөн “Онтре” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн шилжүүлгийн хугацаанаас хамааран хамгийн түрүүнд гүний уурхайн Панель 1 болон 2-ыг ашиглалтад оруулах боломжит хувилбаруудыг судалж байгааг онцолжээ.

“Rio Tinto Copper” компанийн гүйцэтгэх захирал Кэйти Жэксон, “Панель 1 хэсгийн хөндлөн малталтын ажил дөнгөж эхэлж байгаа энэ цаг үед бид бүтээн байгуулалтын чиглэлээ өөрчилж, “Панель 2 South” хэсгийн ажлыг урагшлуулах шийдвэр гаргасан нь хамгийн оновчтой сонголт гэж үзэж байна. Ийнхүү төлөвлөлтөө уян хатан зохицуулах нь бидний цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгдлээ.

Рио Тинто компанийн мэдээлснээр, хамтарсан төслийн гадна орших Панель 1 хэсгийн зарим бүсэд бүтээн байгуулалтын ажил тодорхой хэмжээнд үргэлжлэх боловч илүү ойр байрлалтай, хүрч ажиллахад дөхөмтэй “Панель 2 South” хэсгийн ажлыг түргэсгэхийн тулд хүний нөөц, техник хангамжийг тус талбайд хуваарилахаар болсон байна.

“Онтре” компанийн хамтарсан төслийн талбай дахь бүтээн байгуулалтыг түр зогсоосон нь тусгай зөвшөөрлийг “Оюу толгой” компанид шилжүүлэх ажиллагаа удааширсантай холбоотой. “Онтре” компанийн гүйцэтгэх захирал Стивен Скотт уг сааталд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйл явц 2025 оны 2 дугаар сард эхэлсэн ч өнөөг хүртэл бүрэн дуусаагүй байгааг онцолжээ. Мөн тэрээр “Хамтарсан төслийн оролцогч талуудын зүгээс Шивээ Толгой болон Жавхлант ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Оюу толгой” компани өөр дээрээ шилжүүлэн эзэмших нь зүй ёсны хэрэг гэж үзсээр ирсэн. Угтаа энэ нь 2008 оны Хамтын ажиллагааны гэрээ, 2009 оны Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан” гэжээ.

Эх сурвалж: mining.com