Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ЕХ хилийн чанадад хэрэгжүүлэх критикал минералын 13 шинэ төслийг баталлаа

Т.Бямбанаран

Европын Холбоо (ЕХ) критикал минералын нөөцөө баталгаажуулах зорилгын хүрээнд бусад улсад стратегийн түүхий эдийн 13 шинэ төслийг сонгон баталгаажуулжээ.

Эдгээр төсөл нь нийт 13 улсад хэрэгжих бөгөөд үүнд, Канад, Гринланд, Казахстан, Норвег, Серби, Украин, Замби, Шинэ Каледони, Бразил, Мадагаскар, Малави, Өмнөд Африк болон Их Британи улс багтаж байна.

Хятад улс энэ оны 4 дүгээр сард ховор металл агуулсан соронзын экспортоо хязгаарласны дараагаар ЕХ тус улсаас хэт хамааралтай байдлаа бууруулахаар зорьсны үндсэн дээр уг санаачилгыг хэрэгжүүлж байгаа аж.

“Бид бусад улсаас, ялангуяа Хятад зэрэг тодорхой хэдэн улсаас хамааралтай байдлаа бууруулах ёстой. Экспортын хориг арга хэмжээ нь илүү олон эх сурвалжид хандах хөшүүрэг болж байна” хэмээн Европын Холбооны Аж үйлдвэрийн асуудал хариуцсан комиссар Тьерри Бретон мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.

Дээрх шинэ төслүүдийг 2023 онд баталсан ЕХ-ны “Чухал Түүхий Эдийн Тухай Хууль”-д үндэслэжээ. Тус хуульд 2030 он хүртэл стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийн эх үүсвэрийг бий болгох зорилтот үзүүлэлтүүдийг тодорхойлсон байдаг. Тухайлбал, ЕХ нь  дотооддоо болон стратегийн түншүүдээрээ дамжуулан жил бүрийн хэрэгцээнийхээ 10%-ийг  олборлож, 40%-ийг боловсруулж, 25%-ийг дахин боловсруулах зорилт тавьсан байна.

Энэхүү 13 төсөл нийлээд 6.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх төлөвтэй байна. Эдгээрийн 10 нь литий, кобальт, манган, бал чулуу зэрэг батарейны технологид зайлшгүй шаардлагатай ашигт малтмалуудад төвлөрсөн бол хоёр нь газрын ховор элементийн олборлолт, үйлдвэрлэлд чиглэжээ.

Канадын улсын Квебек муж дахь Дюмонтын никелийн төсөл нь сонгогдсон төслүүдийн нэг юм. Амос хотоос баруун тийш 25 км орчим зайд орших тус орд нь 1 тэрбум тонноос давсан ашигт малтмалын нөөцтэй бөгөөд дэлхийн хамгийн том, хараахан ашиглагдаагүй никелийн сульфидын ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Энэхүү төсөл нь шаардлагатай бүх зөвшөөрлөө авч, нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлтэй ажээ.

Нэмэлтээр Рио Тинтогийн Серби дахь Жадарын литийн төсөл ч мөн багтжээ. Уг төсөл нь хүрээлэн буй орчны төлөөх байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Сербийн Засгийн газар 2022 онд тусгай зөвшөөрлийг нь цуцалсан ч өнгөрсөн онд орон нутгийн шүүх Рио Тинтогийн зөвшөөрлийг сэргээсэн аж. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Европын литийн эрэлтийн 90 хүртэлх хувийг хангах боломжтой хэмээн ЕХ үзэж байна.

Түүнчлэн Украины болон Гринландын бал чулуу олборлох төслүүд нэмэгдэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дани улсын эзэмшилд байдаг Гринландыг  худалдаж авах сонирхлоо илэрхийлж байсан тул сүүлийн жилүүдэд геополитикийн хувьд анхаарлын төвд ороод байна.

Европын Холбоо өмнө нь өөрийн гишүүн орнуудад 47 стратегийн түүхий эдийн төсөл баталсан бол үүний дараагаар 13 шинэ гадаадын төслийг нэмж баталснаар нийт төслүүдийн тоо 60-д хүрчээ. Энэ нь дэлхийн түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх ЕХ-ны бодлогын нэг хэсэг юм.

Эх сурвалж: mining.com