Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Монгол Улс хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Credits: Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо

 

Улаанбаатар хот, Монгол Улс — 2025 оны 6-р сарын 5. Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) болон Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) нь Монгол Улсад тогтвортой санхүүгийн тогтолцоог улам сайжруулах зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэлээ. Энэхүү Санамж бичгээр ОУСК-ийн “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн хоёрдугаар үе шат албан ёсоор эхэлж буйг мөн баталгаажуулж байна.

Монгол Улс ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр тодорхой амжилтууд гаргасаар байна. 2021 онд Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ОУСК нь Монгол Улсын ногоон бондын журам болон бонд гаргах гарын авлагыг боловсруулахад СЗХ-той хамтран ажилласан. Үүний үр дүнд дотоодын болон олон улсын зах зээлд долоон удаагийн ногоон болон нийгмийн бондын арилжаа амжилттай хийгдэж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийт 338 сая ам. долларын хөрөнгө босгож чадсан юм. 2022 онд ОУСК нь бусад гол оролцогч талуудтай хамтран Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад зориулан Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ) болон тогтвортой байдлын тайлагналын гарын авлагыг боловсруулахад СЗХ-д дэмжлэг үзүүлсэн. Уг баримт бичиг нь олон улсын шилдэг туршлага болон ОУСК-ийн Ил тод байдал, мэдээлэл тайлагналын зөвлөмжийг ашиглан боловсруулагдсан болно. 2023 онд СЗХ нь ОУСК-ийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Тогтвортой банк, санхүүгийн олон улсын сүлжээ (Sustainable Banking and Finance Network, SBFN)-ний гишүүнээр элссэн нь тогтвортой санхүүгийн олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бэхжүүлэх чухал алхам болсон юм.

Санамж бичгийн хүрээнд талууд хөх бонд, тогтвортой байдалтай холбоотой бонд, тогтвортой бонд зэрэг шинэлэг сэдэвчилсэн санхүүгийн хэрэгслүүдийн зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн БОНЗ болон тогтвортой байдлын тайлагналын гарын авлагыг Олон улсын санхүүгийн тайлагналын стандартын (IFRS) Тогтвортой байдлын стандарт 1 болон 2-т заасан удирдамжтай нийцүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Энэхүү төсөл нь Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудад ногоон бондоос гадна уур амьсгалын сэдэвт бусад шинэлэг санхүүгийн хэрэгслийг ашиглан хөрөнгө татах боломжийг нэмэгдүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, мөн энэ чиглэлийн төслүүд болон бизнесийн үйл ажиллагаанд илүү их хэмжээний хөрөнгө оруулалт татах нөхцөлийг бүрдүүлнэ. ОУСК-тай хамтран ажилласнаар бид олон улсын стандартад нийцсэн, илүү уян хатан, байгаль орчинд ээлтэй санхүүгийн тогтолцоог хөгжүүлж, манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна” хэмээн СЗХ-ны Дарга Т.Жамбаажамц онцлон тэмдэглэв.

ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Маттье Лө Блан хэлэхдээ, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлт нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг салбаруудад хөрөнгө оруулалт хийх асар их боломжийг нээж байна. Энэ нь ажлын байр нэмэгдүүлэх, инновацыг дэмжих, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Ийм төрлийн хөрөнгө оруулалт нь барилга, засвар үйлчилгээний салбаруудаас авхуулаад цэвэр технологийн гарааны бизнес, бусад эдийн засгийн салбаруудад ажлын байр бий болгож, шинэ салбаруудыг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлнэ. Бид эдгээр боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд хувийн хэвшлийн шийдлүүдийг үр дүнтэй ашиглахын зэрэгцээ өөрсдийн мэдлэг, туршлага, нөөц бололцоог дайчлан тууштай дэмжлэг үзүүлж ажиллах болно” хэмээн онцоллоо.

Сүүлийн арван жилийн хугацаанд ОУСК нь Монгол Улсад тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж, гол оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажилласаар ирсэн. “Ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх” төслийн эхний үе шатны хүрээнд ОУСК нь Монгол Улсын банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн өртөмтгий байдлыг цогцоор нь үнэлсэн. Улмаар 2023 болон 2024 онуудад ОУСК нь Монгол Улсад анх удаа ногоон бонд болон нийгмийн бондод хөрөнгө оруулалт хийж, тогтвортой санхүүгийн бондын зах зээлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.