Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төв Азийн орнууд усны нөөцөө хамтран ашиглаж байна

Credits: gov.tj (Бахри Точик усан сан)

Ч.Сансар

Төв Азийн орнууд усны нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байна.

Казахстан, Тажикстан, Узбекистаны албаны хүмүүс зуны тариалангийн улиралд Бахри Точик усан сангаас ус хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа гэж Тажикстаны Эрчим хүч, усны нөөцийн яам 5 дугаар сарын 30-нд Telegram-д нийтэлжээ. 6-8 дугаарын сарын хооронд үйлчлэх тус гэрээний дагуу Казахстанд тариалангийн талбай услах зориулалтаар 491 сая шоо метр ус хуваарилахаар болсон гэж албан ёсны “Казинформ” агентлаг мэдээллээ.

Казахстаны Усны нөөцийн сайд Нуржан Нуржигитов "Бид зөвхөн хамтран ажиллаж л уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж чадна" гэж мэдэгдэв.

Бахри Точик (хуучнаар Кайраккум) нь Сырдарья мөрнөөс ус татах зорилгоор 1950 онд баригдсан Тажикстаны хамгийн том усан сан юм. Төв Азийн Усны зохицуулалтын улс хоорондын комиссоос нийтэлсэн 2024-2025 оны Сырдарья мөрний сав газарт хийсэн дүн шинжилгээ нь 10-р сараас 3-р сар хүртэлх үргэлжлэх тариалалтын бус улиралд Бахри Точик усан сангаас гарах усны хэмжээ нь тус сан руу орох усны хэмжээнээс бага зэрэг давсан гэдгийг тодорхойлжээ. Үүний зэрэгцээ Сырдарья мөрөнгөөс хойд Арал тэнгист төсөөлж байснаас илүү их ус нийлүүлсэн байна.

Бүс нутгийн улсууд усны нөөцөөс гадна усны эрчим хүчний үйлдвэрлэлийг зохицуулахыг зорьж байна. Казахстан, Киргизстан, Узбекистаны албаны хүмүүс "зуны улиралд ус, эрчим хүчний системийг тасралтгүй, үр ашигтай ажиллуулах" усан цахилгаан станцуудын үйл ажиллагааг зохицуулах гэрээнд 5 дугаар сарын дундуур Ташкент хотод гарын үсэг зурсан гэж Kazinform мэдээллээ.

Эх сурвалж: eurasianet.org