Азийн зах зээлд нүүрсний үнэ огцом буурч, сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрлээ. Энэ нь бүс нутгийн гол тоглогчид болох Хятад, Энэтхэг, Япон улсуудын импортын хэмжээ огцом буурсантай холбоотой юм.
2025 оны 4-р сард Хятадын нүүрсний импорт 22.72 сая тоннд хүрч буурсан үзүүлэлттэй гарав. Энэ оны эхний 4 сард нийт импорт 91.56 сая тонн болж, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 13.1%-иар буурсан байна.
Энэ нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурч, дотоодын нүүрсний үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой. 2025 оны 1-р улиралд Хятадын нүүрсний үйлдвэрлэл 1.2 тэрбум тоннд хүрсэн нь дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, импортын хэрэгцээг бууруулсан.
Импорт буурахад нөлөөлсөн гол шалтгаанууд:
Дотоодын нүүрсний олборлолт огцом өсч, 3-р сард 440.58 сая тоннд хүрсэн нь өмнөх оноос 9.6%-иар өссөн үзүүлэлт юм.
Нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэл буурч, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэн.
Дотоодын нүүрсний ханш унаж, Чинхуандао боомтод тонн нь 660 юань (90.78 ам.доллар) болж, 4 жилийн доод түвшинд хүрсэн.
Хятадын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, нүүрсний хэрэглээ багасаж Ази тивд нүүрсний үнэ буурч байна. Хэдийгээр Энэтхэгийн импорт нэмэгдэх хандлагатай байгаа ч энэ нь Хятадын бууралтыг нөхөхөд хангалтгүй байж магадгүй. Ойрын хугацаанд нүүрсний үнэ тогтворжих эсэх нь Хятадын эрэлт, дотоод үйлдвэрлэлийн түвшнээс шалтгаална.
Эх сурвалж: www.reuters.com