Т.Бямбанаран
Дэлхийн гурав дахь том зэс үйлдвэрлэгч орон болох Перугийн Эрчим хүч, Уул уурхайн сайд Хорхе Монтерогийн мэдэгдсэнээр 2025 онд тус улсын уул уурхайн салбар 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах төлөвтэй байна. Мөн зэсийн олборлолт 2.8 сая тонн хүрнэ гэж Мягмар гарагт /2025.06.03/ хийсэн мэдэгдэлдээ онцоллоо.
Перу улс 2024 онд ойролцоогоор 2.7 сая тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсан үзүүлэлт байв.
Хэвлэлийн бага хурлын үеэр сайд Хорхе Монтеро Перугийн өмнөд хэсэгт орших зэсийн голлох бүс нутаг Апуримак болон Арекипа мужид хууль бус олборлолт нэмэгдэж буй нь ноцтой, санаа зовоосон асуудал болж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Дэлхийн томоохон зэсийн уурхайн нэг болох Лас Бамбас нь Апуримак мужид байрладаг бөгөөд Хятадын “MMG” компанийн эзэмшилд байдаг. Харин Арекипа мужид Канадын уул уурхайн “Teck” компани Японы “Mitsubishi Materials” корпорацтай түншлэн Зафраналын зэсийн төслийг хэрэгжүүлж байна.
Зэсийг гар аргаар олборлох үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр уул уурхайн томоохон компаниудтай зөрчил маргаан үүсэж байгаа ч Андын бүсийн ядуу буурай иргэдийн хувьд амьжиргаагаа залгуулах чухал орлогын эх үүсвэр болдог аж.
Нөгөөтээгүүр Перугийн хойд хэсэгт хууль бус алт олборлолт эрс нэмэгдэж, 13 уурхайчин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Эх сурвалж: mining.com