Т.Бямбанаран
Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци (МЧАМА) өнгөрсөн долоо хоногт /2025.05.29/ “Чухал ашигт малтмал: Монголын болон Глобал чиг хандлага” сэдэвт ээлжит семинарыг “Монголын критикал минералын хөгжлийн төлөвлөгөө: Дэлхийн шилжилтэд Монгол Улсын үүргийг тодорхойлох нь” гэсэн ерөнхий сэдвийн дор гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургууль, Эдийн засаг, бизнесийн эрх зүйн судалгааны төв (МУИС), Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Геологи, уул уурхайн сургууль, ба Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуультай (МГТИС) хамтран зохион байгуулжээ.
Семинарын үеэр олон улсын шинжээчид, төрийн байгууллагын төлөөлөгчид болон эрдэмтэн судлаачид нэг дор чуулж, дэлхийн зах зээл дэх критикал минералын төлөв байдал, Монгол Улсын 2050 он хүртэлх эдийн засгийн боломж, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) стандартыг хэрэгжүүлэх, тогтвортой ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын орчны талаар өргөн хүрээтэй хэлэлцэж, санал солилцлоо.
Энэхүү хуралд Их Британийн критикал минералын шинжээчдийн төлөөлөл оролцсоноороо онцлогтой. Ийнхүү тус улс Монгол Улстай энэ чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Айлчлалыг Их Британийн Элчин сайдын яам болон Их Британийн Бизнес, Худалдааны яам хамтран зохион байгуулсан бөгөөд төлөөлөгчид уурхайн талбайд зочлон, дотоодын гол оролцогч талуудтай уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт “The Mongolian Mining Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ашигт малтмалын арвин нөөцтэй орнуудтай Их Британи хамтран ажиллаж, харилцан ашигтай харилцааг бий болгодог талаараа онцлоод “Их Британи дотооддоо ашигт малтмал олборлон, боловсруулдаггүй ч судалгаа шинжилгээ, инновац, уул уурхайн санхүүжилтийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Эдгээр чиглэлд Монгол Улстай үр дүнтэй, ойр дотно хамтран ажиллах боломжтой” хэмээн хэллээ.
Тэр бээр “Манай компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартаараа дэлхий нийтэд танигдсан. Ашигт малтмал олборлохоос гадна бид боловсрол, иргэдийн хөгжил, ур чадварыг дэмжиж, тогтвортой өсөн дэвжихэд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэмлэдэг” гэсэн юм.
Элчин сайд Фиона Блайт яриандаа, “Жинхэнэ сорилт бол энэ их нөөцийг хэрхэн тогтвортой, хариуцлагатай байдлаар олборлож, боловсруулж, өнөөгийн болон ирээдүй хойчид үр өгөөжтэй болгох вэ гэдэгт оршиж байна” хэмээгээд Монгол Улс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын арвин нөөцөөрөө дэлхийн эрчим хүчний шилжилтэд онцгой байр суурь эзэлж байгааг онцолсон.
Бирмингемийн их сургуулийн Критикал минералын судалгааны ахлах судлаач, доктор Гэвин Харпер Элчин сайдын байр суурийг дэмжин “Монгол Улс анхдагч түүхий эдийн нөөц баялаг ихтэй бол Их Британи ашигт малтмалыг боловсруулах, хоёрдогч түүхий эдийг дахин ашиглах чиглэлд инновац, дэвшилтэт технологиор хангаж чадна” гэж хоёр орны харилцан бие биеэ нөхөх давуу талуудыг цухас дурдлаа.
Тэрээр мөн “Улаанбаатар хотод цахилгаан автомашины тоо эрчимтэй нэмэгдэж буй өнөө үед эдгээр тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусахад үнэтэй материалыг дахин ашиглах тогтолцоог одооноос төлөвлөх цаг болсон” хэмээн тогтвортой хөгжлийг дэмжихэд шаардлагатай дэд бүтэц, чадавхыг яаралтай бий болгох хэрэгтэйг сануулсан юм.
Семинарын үеэр салбарын мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон панел хэлэлцүүлэг өрнөж, БОНЗ, хүний эрх болон инновацын асуудлаар хэлэлцлээ. Тус арга хэмжээнд Их Британи улсаас хүндэт төлөөлөгчид оролцсон нь Монгол Улс олон улсын чухал ашигт малтмалын зах зээл, нийлүүлэлтийн сүлжээнд гол тоглогч болох боломж бий гэдгийг илтгэж буй хэрэг юм. Уг семинарыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Уул уурхайн эрх зүй судлалын сан, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн төв, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ тус тус дэмжин ажилласан ажээ.