Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Япон улс АНУ-тай критикал минералын салбарт хамтран ажиллах санал дэвшүүллээ

Credits: Government of Japan via X

Т.Бямбанаран

Япон улс АНУ-тай ховор металл зэрэг критикал минералын салбар дахь харилцаагаа бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцсан тухай Японы хэвлэлүүд мэдээллээ.

Тус улсын "The Yomiuri Shimbun" сонинд нийтэлснээр АНУ-Японы худалдааны алдагдлыг бууруулах хэлэлцээний хүрээнд Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба Пүрэв гарагт /2025.05.29/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ уг саналыг дэвшүүлсэн гэжээ.

Тус сонинд мэдээлснээр яриа, хэлэлцээний голлох сэдвүүдийн нэг нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс ховор металлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудал байсан аж.

Газрын ховор элемент нь АНУ ба Хятадын хооронд өрнөж буй худалдааны маргаанд хүчтэй байр суурь эзлэх чухал асуудал болоод байгаа. Хятад улс ГХЭ-ийн нийлүүлэлтийн сүлжээнд дэлхийд ноёрхож буй их гүрэн. Тиймдээ ч АНУ руу гаргах экспортод хязгаарлалт тогтоосон нь уг салбарыг геополитикийн зэвсэг болгон ашигласан явдал хэмээн судлаачид үзэж байна.

Хятад улс олон арван жилийн турш ГХЭ-ийн нийлүүлэлтийг гартаа авч, өдгөө дэлхий дахины олборлолтын 60 гаруй хувийг эзэлж байна. Үүнээс гадна, үйлдвэрлэлийн хувь хэмжээг дангаараа бүрдүүлж байгаа гэхэд хилсдэхгүй.

Харин АНУ дэвшилтэт технологийн олон салбарт ашигладаг 17 химийн элемент бүхий ховор металлын нөөцөө импортоор хангадаг, хараат улс бөгөөд эдгээрийг стратегийн ач холбогдолтой, критикал минералын жагсаалтдаа багтаасан байдаг.

АНУ-ын Геологийн Албаны мэдээлснээр 2019-2022 оны хооронд АНУ-ын ховор металлын импортын ойролцоогоор 72 хувь нь Хятадаас орж ирсэн байна. Харин Япон улс ердөө 6%-ийг бүрдүүлсэн ч түүний нийлүүлсэн ховор металл нь Хятадад боловсруулсан баяжмалаас гарган авсан байжээ.

"The Yomiuri Shimbun"-д бичсэнээр Японы Засгийн газар эдгээр ашигт малтмалыг боловсруулах, цэвэршүүлэх чиглэлээр техникийн дэмжлэг үзүүлэх талаар судалж байгаа аж. Мөн түүнчлэн эдгээр ашигт малтмалыг мэргэжлийн чадавхтай, өртөг бага гуравдагч оронд боловсруулах санал яригдаж байгаа юм.

Ерөнхий сайд Ишибагийн санал болгосон хамтын ажиллагааны хүрээнд хагас дамжуулагч болон усан онгоцны үйлдвэрлэл ч багтжээ.

Япон улс одоогоор хагас дамжуулагчийн үйлдвэрийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Харин удаах байранд жагсдаг АНУ үйлдвэрлэлийнхээ тодорхой хэсгийг эх орондоо буцаан төвлөрүүлж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

Усан онгоцны үйлдвэрлэлийн хувьд Хятад улс дэлхийн зах зээлийн 70%-ийг бүрдүүлсэн үзүүлэлтээр мөн л тэргүүлээд байна. Бээжингийн нөлөөг саармагжуулах үүднээс Япон улс шинэ үеийн, дэвшилтэт технологи бүхий усан онгоцыг АНУ-тай хамтран бүтээх саналтай байгаа тухай "The Yomiuri Shimbun" сонин мэдээлжээ.

Эх сурвалж: mining.com