Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн анхны бага оврын цөмийн реактор Хятадад бэлэн боллоо

Хятадын анхны бизнесийн зориулалттай жижиг модульчлагдсан цөмийн реактор Linglong-1 ашиглалтад ороход бэлэн болж байна. Хайнань мужийн “Hainan Nuclear Power” ХХК-ийн талбайд байрладаг Linglong-1 реакторыг Хятадын Үндэсний Цөмийн корпораци (CNNC) бүтээж байгаа. Энэ нь дэлхийн анхны жижиг модульчлагдсан реактор (SMR) бөгөөд Хятадад нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Хятадын Global Times сонин бичжээ.

ACP100 гэгддэг Linglong-1 реактор нь гурав дахь үеийн жижиг даралтат усан реактор юм. Уг реакторыг Хятадад бүтээсэн бөгөөд технологийн оюуны өмчийн эрхийг Хятад улс эзэмшдэг. 2016 онд Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн аюулгүй байдлын шалгалтад тэнцсэн дэлхийн анхны жижиг оврын реактор болсон.

Уг реактор нь жижиг хэмжээтэй бөгөөд эрчим хүчийг найдвартай, тогтвортой нийлүүлэх чадвартай тул үүнийг "цөмийн эрчим хүчний банк" гэж нэрлэдэг. “Global Times” сонины мэдээлснээр уг реактор нь цөмийн дэвшилтэт технологийг хөгжүүлэх зорилго бүхий Хятадын 14-р таван жилийн төлөвлөгөөний (2021-2025) нэг хэсэг юм.

“Hainan Nuclear Power” ХХК-ийн  мэдээлснээр тус төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа аж.

Linglong-1 реактор нь уламжлалт атомын цахилгаан станцаас ялгаатай. Эдгээр реакторууд нь бага овортой, аюулгүй, хурдан баригддаг. Аюултай нөхцөл байдал үүсвэл хүний оролцоогүйгээр өөрсдөө унтардаг. Аж үйлдвэрийн парк, уурхай, эрчим хүч их хэрэглэдэг бүс нутаг зэрэг байршлуудад ашиглах тохиромжтой.

526 мянган байрыг эрчим хүчээр хангах чадвартай

Linglong-1 реактор нь 125 мянган киловатт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь нэг реактор жилд 1 тэрбум кВт-цаг эрчим хүч үйлдвэрлэж, 526,000 байр буюу 1 сая орчим хүнийг эрчим хүчээр хангах чадалтай гэсэн үг юм.

Нүүрсний станцуудыг Linglong-1 реактороор сольсноор Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг жил бүр 880,000 орчим тонноор бууруулах боломжтой. Энэ нь 7.5 сая мод тарьсантай тэнцэнэ. Linglong-1 реакторыг амжилттай бүтээсэн нь Хятад улс жижиг реакторын технологиор дэлхийд тэргүүлж чадна гэж Хятадын Үндэсний Цөмийн корпораци үзэж байна.

Гурав дахь үеийн Hualong One цөмийн реакторыг амжилттай ашиглаж эхэлсний дараа Хятад улс цөмийн эрчим хүчний салбарт дараагийн алхмаа хийж, Linglong-1 реакторыг бүтээлээ. Уг реактор нь Хайнан мужийн чөлөөт худалдааны боомтыг эрчим хүчээр хангаж, тухайн бүс нутгийн цэвэр эрчим хүчний зорилтуудыг биелүүлэхэд тусална гэж үзэж байна.

Цэвэр, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй болох сонирхолтой, өндөр өртөгтэй, овор ихтэй, уламжлалт цөмийн станц барих санхүүгийн бололцоогүй улс орнууд Linglong-1 зэрэг модульчлагдсан реакторуудыг ашиглаж болох юм.

Тус реакторуудыг дэд бүтэц хөгжөөгүй газар барьж, ажиллуулахад тун тохиромжтой. Linglong-1 нь Хятадын эрчим хүчний системийн гол хэсэг болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд цөмийн технологийг хэрхэн ашиглаж болохыг харуулна.

Эх сурвалж: interestingengineering.com