Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад улс гянтболдын 80 гаруй хувийг дангаараа олборлож байна

Credits: investornews.com

Т.Бямбанаран

БНХАУ критикал минералын экспортоо хязгаарлаж эхэлсний улмаас гянтболд буюу вольфрамын үнэ энэ сард Европын спот зах зээл дээр сүүлийн 12 жилийн дээд хэмжээнд хүрч өслөө.

Уг металлын зах зээл харьцангуй жижиг буюу 2023 онд ойролцоогоор 5 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан ч гянтболдоос хамааралтай салбарууд эрчимтэй өсөн тэлж байна. Тухайлбал, хамгийн хүнд металлын тоонд ордог гянтболд нь батлан хамгаалахын салбарт өндөр нягтралтай, хуяг нэвтлэх чадвартай сумны үндсэн түүхий эд болдог. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яамны гэрээнүүдэд тусгагдсан стратегийн металл билээ.

АНУ-д олборлолт нь 2015 онд бүрэн зогссон. Өмнө нь тус улс гянтболд олборлодог байсан ч зах зээлийн үнэ унаж, Хятадын хямд үнэтэй түүхий эдтэй өрсөлдөх боломжгүй болсон тул эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн байдаг.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр Хятад улс 2023 онд дэлхийн хэмжээнд нийт 81,000 тонн вольфрамын 80 гаруй хувийг дангаараа олборлосон нь тус металлын үйлдвэрлэлд Хятад улс ноёрхож буйг тодхон харуулна.

“Hallgarten & Co” компаниас энэ оны эхээр гаргасан "Вольфрамын зах зээлийн шинжилгээ: Яаралтай хэлэлцэх асуудал" сэдэвт тайланд дурдсанаар сүүлийн арван жилийн турш вольфрамын зах зээл уналтад орсноор цөөхөн хэдэн компани л оршин тогтнож чадсан талаар онцолжээ.

“Өнөө үед вольфрамын үнэ цэн огцом нэмэгдэж, барууны орнуудын батлан хамгаалах болон үйлдвэрлэлийн салбарт стратегийн гол металл хэмээн үнэлэгдэх болсон тул нөөцөө яаравчлан бүрдүүлэх, Хятадаас хэт хамааралтай байдлаа бууруулах үйл явц эрчимжиж байна” хэмээн уг тайланд бичсэн аж.

АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийн хоосон орон зайг нөхөх зорилгоор “American Tungsten” компани энэ долоо хоногт Айдахо муж дахь “Ima” уурхайн төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Уг орд нь 1945-1957 оны хооронд нийтдээ 199,449 тонн вольфрамын триоксид (WO₃) олборлож байсан түүхтэй.

Мөн Хятадаас бусад газар вольфрам олборлолтоор тэргүүлдэг “Almonty Industries” компани төв байраа АНУ руу шилжүүлэхээр болжээ. Тус компани Өмнөд Солонгосын “Sangdong” орд газраа ашиглалтад оруулахад бэлэн болж байгаа бөгөөд олборлосон бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд нийлүүлэх юм байна.

“Уурхайн бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа ороод байна. “Sangdong” уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Хятадаас гаднах орнуудын нийлүүлэлтийн ойролцоогоор 40%-ийг бүрдүүлэх боломжтой. Манай компани төв байраа АНУ-д шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүний зэрэгцээ Австрали (ASX), Герман (FSE), Канад (TSX) зэрэг хөрөнгийн бирж дээрх бүртгэлээ хадгална” хэмээн “Almonty Industries”-ийн гүйцэтгэх захирал Льюис Блэк ярилцлагадаа онцолжээ.

Эх сурвалж: mining.com