Т.Бямбанаран
Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайн дэлхийн компаниудад нийтдээ 34 тэрбум ам.доллароос давсан алдагдал учруулаад байна. Энэ нь борлуулалтын орлого буурах, зардал нэмэгдэх зэргээс үүдэлтэй гэж Ройтерс агентлаг компаниудын санхүүгийн тайлан, мэдэгдэлд хийсэн дүн шинжилгээндээ дурджээ.
Түүнчлэн, тарифын асуудал тодорхойгүй хэвээр байгаа нь дэлхийн томоохон корпорацуудын стратегийн шийдвэр гаргалтыг саатуулж, санхүүгийн алдагдлыг улам нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж байна.
АНУ, Ази, Европын улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг Apple, Ford, Porsche, Sony зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниуд ашиг орлогын таамаглалаа бууруулах эсвэл бүрэн цуцлахад хүрсэн байна.
Ихэнх компанийн хувьд Ерөнхийлөгч Трампын худалдааны бодлого тогтворгүй, урьдчилан таах боломжгүй байгаа тул үйл ажиллагааны зардлыг нарийвчлан тооцоолоход бэрхшээл учруулж, бизнесийн төлөвлөлтөд томоохон саад болж буйг онцолжээ.
Ройтерс агентлаг дэлхийн компаниудын олон нийтэд хийсэн мэдэгдэл, тайлан, хөрөнгө оруулагчид болон сэтгүүлчидтэй хийсэн хурлын бичлэг, хэвлэлийн яриануудыг нарийн судалж, тарифын улмаас одоог хүртэл хэр хэмжээний хохирол амссаныг анх удаа нэгтгэн дүгнэсэн нь энэ юм.
Трампын худалдааны бодлогын улмаас үүссэн 33 тэрбум ам.долларын өртгийг хэд хэдэн индексэд үндэслэн гаргасан аж. Тухайлбал, АНУ-ын “S&P 500” индексийн 32 компани, Европын “STOXX 600” индексийн 3 компани, Японы “Nikkei 225” индексийн 21 компанийн гаргасан албан ёсны тайлан, урьдчилсан тооцооллоос бүрдсэн дүн юм байна.
Гэвч эдийн засагчид энэ тоо бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг бөгөөд бодит өртөг нь үүнээс хэд дахин өндөр байх магадлалтай гэж үзжээ. Учир нь дэлхийн олон компани тарифын нөлөөг бүрэн тооцоолж, нийтэд мэдээлэл өгөөгүй хэвээр байгаа билээ.
АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан сүүлийн үед түр намжиж, Дональд Трамп Европын орнуудад ногдуулах тарифын дарамтаа бууруулсан. Гэсэн хэдий ч эцсийн худалдааны хэлэлцээрүүд ямар байх нь тодорхойгүй байна.
Энэхүү урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлд бизнесүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд стратегидаа томоохон өөрчлөлт хийх шаардлагатай болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар компаниуд нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх, үйлдвэрлэлээ ойрын бүс нутаг руу шилжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг алхмуудыг түлхүү хэрэгжүүлэх хандлагатай байна.
Эх сурвалж: reuters.com