Т.Бямбанаран
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 томоохон төсөлд багтсан тавдугаар Дулааны цахилгаан станцыг (ДЦС-5) Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барих аж. Энэхүү байгууламж нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх юм. Мөн ашиглалтад орсноор Таван Шар, 21 дүгээр хороолол, "Хилчин" орон сууцны хороолол, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол болон 1 дүгээр хороололд дулаан түгээх боломжтой.
Үүнтэй холбогдуулан 658 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардах уг төсөлд хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас /2025.05.26/ зарлажээ. Хувийн хэвшлийн түншийг сонгон шалгаруулах үйл явц нь хоёр үе шаттай явагдах ба урьдчилсан болон өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын хэсгээс бүрдэх ажээ. Төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулна. Станцыг барих санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, үлдсэн 20 хувийг нийслэлээс гаргахаар болжээ.
Сонирхсон оролцогч нь сүүлийн таван жилийн хугацаанд хүрэн нүүрсээр галладаг ДЦС-ын зураг төсөл боловсруулах, барьж байгуулах ажлыг дор хаяж нэг удаа гүйцэтгэсэн туршлагатай байх шаардлагатай. Мөн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв консорциум хэлбэрээр оролцож байгаа бол эдгээр шаардлага гишүүн тус бүрд ижил хамаарна.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө хүлээн авна хэмээн НЗДТГ-аас мэдэгджээ.
Ирүүлсэн хүсэлтийг урьдчилсан шалгаруулалтын баримт бичигт тусгасан шалгуурын дагуу үнэлж, шалгуурт тэнцсэн гурав хүртэлх тооны оролцогчийг хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад урих аж.