Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто шинэ гүйцэтгэх захирал томилно

Credits: RENTSENDORJ BAZARSUKH/REUTERS

Т.Бямбанаран

Рио Тинто компани урт хугацааны хөгжлийн зорилтод анхаарахын хэрээр уул уурхайн салбарын гүнзгий мэдлэгтэй шинэ гүйцэтгэх захирал хайх болжээ. Якоб Стаушолм 2021 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон ба энэ оны сүүлээр албан тушаалаасаа огцрох тухай Рио Тинтогийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хэлсэн юм.

Ноён Стаушолм албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа компанийнхаа харилцаа холбоог сэргээн бэхжүүлж, зарим өрсөлдөгч компанийн анхааралд төдийлөн ороогүй байсан литий зэрэг шинэ чиглэлд хөрөнгө оруулсан. Гэвч дотоод эх сурвалжуудын мэдээлснээр Монгол Улс дахь Оюу толгойн зэсийн орд, Гвиней дэх Симандоугийн төмрийн хүдрийн орд зэрэг том төслүүдийг хөгжүүлэх туршлагатай удирдагчийг шинээр сонгох аж.

Энэ оны сүүлээр Стaушолм албан тушаалаасаа буусны дараагаар түүний оронд томилогдох магадлалтай хүмүүсийн тоонд Риогийн төмрийн хүдрийн хэлтсийн захирал Саймон Тротт болон хөнгөн цагааны асуудал эрхэлсэн газрын дарга Жером Пекресс нар багтаж байна. 

Пекресс Баасан гарагт “BNN Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа, “Энэ бол өөрөө нэр дэвших хэрэг биш, харин хэн тохирох эсэхийг ТУЗ шийддэг зүйл,” хэмээн хэлжээ. 

Худалдаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Б.Болд олон жил саатаад байсан Симандоугийн төслийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Тэр бээр нэр дэвшигчдийн тоонд багтаж байгаа ч сонгогдох магадлал багатай гэж эх сурвалжууд хэлсэн байна.

“Стaушолм Рио Тинто групп хямралтай нүүр тулаад байхад албан тушаалаа хүлээн авч,  стратегийн олон асуудлыг шийдсэн. Харин одоо стратегийн гол зорилт бол цаашид улам хөгжиж, дэвших явдал юм. Тиймээс энэхүү зорилтыг хангаж чадах шинэ гүйцэтгэх захирал хайж байгаа. Якобын хувьд соёлын шинэчлэл хийсэн хүчтэй удирдагч байсан” хэмээн “Macquarie Group Ltd” компанийн судалгааны шинжээч Роб Стайн ярилаа. 

Стaушолм тус компанийн үйл ажиллагаа болон соёлыг сайжруулж чадсан ч BHP, Anglo American, Glencore зэрэг компанийн олон жилийн туршлагатай удирдагчидтай харьцуулахад түүний уул уурхайн салбарын туршлага дутмаг байгаад зарим хөрөнгө оруулагч санаа зовнисоор иржээ.

Ноён Стaушолм гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалтын талбарт Рио Тинто компанийг буцаан оруулж чадсан юм. Тухайлбал, “Arcadium Lithium” компанийг худалдан авах, Аргентин дахь Ринкон төслийг санхүүжүүлэх зэрэг ажил багтжээ. Эдгээр алхам нь Рио Тинтогийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг билээ. 

Эх сурвалж: mining.com