Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хэд хэдэн баримт бичигт талууд гарын үсэг зурлаа.
Тухайлбал, “Шинэлэг технологи, уул уурхай, ашигт малтмал, шилдэг туршлагын чиглэлээр хамтран ажиллах тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Австрийн талаас Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршик нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи болон шилдэг туршлагыг судалж, нутагшуулах, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, мөн мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн судалгаа, шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хаягдал боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөлт, барилга, үйл ажиллагааг дэмжих, тогтвортой эрчим хүчний технологийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах, жижиг, дунд үйлдвэрүүдийг цахимжуулах, уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь инженерийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар болсон байна.