Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

МОНГОЛ УЛС УРАН ОЛБОРЛОХ ДЭЛХИЙН ТАВ ДАХЬ ТОМ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

А.Халиун

Шар нунтаг олборлох үйлдвэрийн дэд бүтцийг шийдэх олон улсын тендер зарлаад байна.

Mонгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Франц улсын "Орано Майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 1 дүгээр сарын 17-нд гарын үсэг зурж, баталгаажуулснаар төслийн ажил эхлээд байна.

Монголын талаас олон улсын FAST стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллын загвар боловсруулж, уг загвараар хийсэн тооцооллоо Хөрөнгө оруулагч талын санхүүгийн тооцоололтой тулган баталгаажуулалт хийж, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын олборлолтын шууд үр өгөөжийн 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх болсон.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах гол шийдэл нь цөмийн эрчим хүч хэмээн Европын холбоо санал нэгдэж, 2022 онд цөмийн эрчим хүчийг "ногоон эрчим хүч" гэж зарласан. Дэлхийн зах зээл дээр ураны эрэлт нэмэгдсээр буй бөгөөд 2017 онд нэг паунд (0.45 кг) уран 17 ам.долларын үнэтэй байсан бол одоо 70 ам.долларт хүрээд байна.

Оюутолгойн дараа орох гуравдагч хөршийн хоёр дахь том Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойших 3 сар гаруйн хугацаанд үйл явдал хэрхэн өрнөв? Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч төрийн өмчит "Мон-Атом" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалаас тодруулсан юм.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Товлосон ажлууд хэрхэн өрнөж байна вэ?

Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар 2028 оны эхний улирлаас уран олборлож эхэлнэ. Жилд 2500 тонн уран олборлох ба ингэснээр Монгол Улс ураны салбарт дэлхийн тав дахь том олборлолтын үйлдвэрийг байгуулна. 1600 хүний ажлын байр бий болно.

Үйлдвэр барихын тулд Сайншандаас уурхайн талбай хүртэл 100 км цахилгаан эрчим хүч татна. Зүүнбаянгаас Улаанбадрах хүртэл 60 км сайжруулсан авто зам барина. Зүүнбаянгийн төмөр замыг өргөтгөнө. Мөн эхний ээлжинд Зүүнбаян суманд 700 хүн ажиллаж, амьдрах хот байгуулна. Энэ бүх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл хангахын тулд олон улсын нээлттэй тендер зарлаад байна. Тендерийн шалгаруулалтыг ирэх 6-7 дугаар сард багтаан явуулна. Нээлттэй тендерт "Бодь" групп, "MCS" групп зэрэг үндэсний томоохон компаниуд оролцож байна. Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ойрын 2-3 жилд Монголд 600 сая ам.долларын туслан гүйцэтгэгчийн тендер зарлана.

Монгол Улс ураны нөөцөө дахин тогтоосон уу?

Социализмын үед ЗХУ-ын судлаачид судалж, Монгол Улс 1 сая тонн ураны нөөцтэй гэсэн судалгаа гаргасан. Үүнийг дахин судалж, баталгаажуулах шаардлагатай. Уран бол алт, зэс, нүүрстэй адилхан байгалийн баялаг боловч тархалт, тогтоц нь тийм ч элбэг биш. Дэлхийн 15 орон л ураны орд эзэмшиж байгаа нь тогтоогдсон.

Уран нь нэгдүгээрт, цацраг идэвхт эрдэс бодис. Хоёрдугаарт, цөмийн түлш учир улс орнууд төрийн мэдэлдээ байлгадаг. 

Францын "Орано майнинг" группийн 90% нь төрийн эзэмшлийнх.

Ураныг газар дор уусган баяжуулах аргаар, өндөр технологи ашиглан гаргаж авдаг бөгөөд энэ технологийг дэлхийн 7 улс эзэмшдэг. Уран бол байгаль дээр зүгээр л элс. Баяжуулж, АЦС-ын түлш болгосноор ач холбогдол нь өндөр гарна. Уран баяжуулах ноу- хауг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 улс Орос, Хятад, Англи, Франц. Америк эзэмшдэг

Тэгэхээр Монголоос олборлосон шар нунтгийг Франц улс боловсруулж, баяжуулан цөмийн түлш болгон хувиргаж, Англи, Герман, Итали, Испани, Швейцар, Люксембург, Бельги зэрэг хөрш зэргэлдээх 8 улсад эрчим хүч болгон түгээх зорилготой. Монгол Улс үдшийн оргил ачааллын үеийн дутагдсан эрчим хүчээ Оросоос авдаг шиг жишээ нь, Англи 20%, Герман улс эрчим хүчнийхээ 30%-ийг Францаас авдаг.

Монголоос олборлосон  шар нунтагаа Францын тал хэрхэн тээвэрлэх вэ?

Шар нунтаг нь овор хэмжээ маш багатай. Хятадаар дамжуулан Франц улс руу усан тээврээр хүргэнэ. Хятад улсад том, бага оврын 50 гаруй атомын цахилгаан станц /АЦС/баригдаж байна. Бүтээгдэхүүнийг Хятадын нутгаар тээвэрлэх гэрээ хэлэлцээр байгуулж, тодорхой хувийг Хятадад өгнө. Энэ нь тухайн хоёр улсын асуудал.

Уран бол гайхалтай энерги өндөртэй 1 кг бүтээгдэхүүн. Хэрэв Монгол Улс АЦС-тай бол эрчим хүчний жилийн хэрэглээг 1 портер шар нунтаг л хангана. баяжуулсан уран 14 тонн нүүрстэй тэнцүү эрчим хүч гаргана. Дахин хэлэхэд манай улс зөвхөн анхан шатны түүхий эдийг олборлон гаргах юм.

Төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах явцдаа олборлолт явуулсан. Олборло сон шар нунтгийг экспортолсон уу?

Туршилтын боловсруулахын явц болон манай тулд ТЭЗҮ улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу заавал бүтээгдэхүүний дээж авсан байх ёстой. Дээж болох 10 тонн ураныг 2020 оны 7 дугаар сараас 2022 оны 3 дугаар сарын хооронд олборлосон. Энэхүү 10 тонн ураныг экспортлоогүй, одоо Монголдоо байна.

Олборлолт явуулахад ямар хог хаягдал гарсан бэ? Тэрхүү хог хаягдлыг саармагжуулсан уу?

Шар нунтгийг гарган авах үед ашиглаж байсан бээлий, амны хаалт, сав, баглаа, боодол, гялгар уут, торх зэрэг хог хаягдлыг устгадаг, шатаадаг тусгай заавартай. Өөр хаягдал гарахгүй.

Монгол Улсад Хог хаягдлын тухай хууль бий. Уран олборлоход гарч буй хог хаягдал нь уул уурхайн хог хаягдалтай адил. Монголд хэдэн сая төрлийн хог хаягдал гарч байна. Эдгээрийг ялгахын тулд аюултай, аюулгүй гэж ангилдаг. Шатах, тослох материал, резин дугуй, зай хураагуур, аккумлятор, аккумляторын шингэн гэх мэт нь аюултай хог хаягдал.

Францын тал 30 жилийн хугацаанд хог хаягдлыг устгахад 60 сая ам.доллар төсөвлөсөн. Гэрээ байгуулах явцад хөрөнгө оруулагчидтай бидний ярьсан зүйл бол зөвхөн үйлдвэрээс гарсан хог хаягдлыг устгах биш, Улаанбаатарын хог хаягдлыг боловсруулах асуудлыг давхар шийдье гэж Хог боловсруулах үйлдвэр байгуулах гэсэн санал тавьсан. Төсөв нь 30 сая ам.доллар болох юм. Энэ нь алсдаа Монгол Улсад хэрэгтэй.

Францтай хамтарсан төслөөс гадна ураны салбарт ямар төслүүд хэрэгжихээр яригдаж байна вэ?

Социализмын үед ЗХУ-ын ашиглаж байсан Дорнодын Мардайн ордыг дахин ашиглах хүсэлтээ ирүүлсэн. Мардайд нийт 50 мянга гаруй тоннын нөөцтэй 4 бүлэг орд бий. Оросууд тухайн үедээ ганцхан Мардайг ашиглаж байсан. Энэ тусгай зөвшөөрлийн ихэнх нь төрийн эзэмшилд байна.

Мөн Чех, Казахстан, Хятад улс уран олборлох хүсэлт тавьсан. Казахстан улсын Ерөнхийлөгч К. Токаев 2024 оны 10 дугаар сард Монголд хийсэн айлчлалын үеэр уран олборлох хүсэлт тавьсан. Чехийн хөрөнгө оруулалттай "Гурвансайхан" компанийн эзэмшиж байсан Дундговийн Өлзийт суман дахь Гурвансайхан, Өлзийтийн ураны ордын тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гарсан. Энэ асуудал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн 3 дугаар сард Чех улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүний түвшинд яригдаж, шийдэгдсэн.

Монголд ураны хайгуул хийж эхэлснээс хойш маш их эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсны эцэст Франц улс 28 жилийн дараа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Францын тал яагаад ийм тэвчээртэй хандав?

Франц улс эрчим хүчээ 100% уранаас гарган авч байна. Одоо Нигери, Канадад олборлолт хийж байна. Хөрш 8 оронд эрчим хүч түгээж байна. Казахстанд Франц улсын эзэмшдэг 4 орд бий. Дээрх ордыг 1990 оноос эхлэн олборлосон бөгөөд нөөц нь 2029 онд дуусна. Тэгэхээр дараагийн 40 жилд цөмийн эрчим хүчээр тогтвортой хангах улсыг Монгол гэж харж байна.

"Бадрах Энержи" ХХК Дорноговь аймагт Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын 3 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Зөөвч-Овоо ордын нөөц 93,291 тонн, Дулаан-Уулынх 6,260 тонн. Тэгэхээр энэ төсөл Монгол. Франц улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой. Бид Францтай түншлэх ёстой. Монгол Улсад цоо шинэ технологи, ноу-хау нэвтрүүлнэ.

Хэдийгээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан ч төслийг эсэргүүцэгчид тэмцсээр байна. Энэ төслийн талаар нутгийн иргэдийн ойлголт дээшилсэн yy?

Монгол Улс түүхэндээ анх удаа уран олборлох гэж байгаа учир бидэнд мэдэхгүй зүйл, янз бүрийн хардлага болгоомжлол их бий. Мэдэхгүй учир айж, болгоомжлох нь аргагүй. 1985-1995 онд Дорнод аймгийн Дашбалбар, Сэргэлэн, Баяндун сумын нутагт ЗХУ уран олборлож байсан. 10 жилийн хугацаанд 500 мянган тонн уран олборлоод, авч явсан.

Манай төсөл яригдаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Улаанбадрах сумын иргэдийн уран болон төслийн ач холбогдлын талаарх ойлголт дээшилж байна.

Төслийн эдийн засгийн хүртэх үр өгөөж, нөлөө нь асар их. Зүүнбаянд шинэ хот байгуулна. Монголд шинэ технологи, мэдлэг мэдээлэл суурьшиж, шинжлэх ухааны ололтыг ашиглана. Энэ бол том үр дүн. Монголд өмнө нь ашиглаж байгаагүй 6-7 төрлийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Зөвхөн цөмийн физикчээр тогтохгүй уулын инженер, усны инженер, гидрохимич, геологич гэх мэт мэргэжил эрэлттэй болно. 8-12 сая төгрөгийн сарын цалинтай ажлын байр бий болно. Нутгийн иргэдийн хүүхдүүдийг дээрх мэргэжлээр сурахын давуу тал болон төслийн ач холбогдлыг ойлгуулах тал дээр бодит, үнэн зөв мэдээллийг хүргэж, хамтран ажиллаж байна.