Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-аас жил бүр гаргадаг “Дэлхийн цахилгаан автомашины төлөв байдал 2025” тайланд Узбекистан цахилгаан автомашины борлуулалтаараа Төв Азид тэргүүлж байна гэжээ. Мөн импортын цахилгаан машины үнэ сүүлийн жилүүдэд бараг гурав дахин буурсан гэж тэмдэглэжээ.
2024 онд импортолсон цахилгаан болон гибрид машины тоо бензин хөдөлгүүртэй автомашины импортоос давсан гэж 2025 оны эхээр Узбекистаны Гаалийн газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийт 74,525 суудлын автомашин импортолсноос 24,095 нь цахилгаан, 17,480 нь гибрид автомашин байсан. Энэ нь нийт импортын 55 орчим хувийг эзэлжээ.
Узбекистаны засгийн газар цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтыг дэмжихийн тулд олон төрлийн урамшууллыг санал болгодог. Жишээлбэл, импортын ихэнх хэсгийг онцгой албан татвар, гаалийн хураамж, тээврийн хэрэгслийн албан татвараас чөлөөлдөг. Мөн Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, цэнэглэх станцын тоог нэмж байгуулах ажлыг эхлүүлээд байна.
ОУЭА-ийн тайланд Хятад улс дэлхийн цахилгаан машины зах зээлийг хяналтдаа оруулж байгаа тухай бичжээ. 2024 онд дэлхий даяар 17 сая гаруй цахилгаан машин зарагдсан нь өмнөх оноос 25 орчим хувиар өссөн байна. Хятад улс зөвхөн дотооддоо гэхэд л 11 сая автомашин борлуулсан нь 2024 оны дэлхийн нийт борлуулалтын бараг гуравны хоёрыг эзэлж байгаа юм.
Узбекистанд 2024 онд нийт борлуулсан цахилгаан машины 85 орчим хувь нь Хятадын автомашин байсан. Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинууд Ази, Латин Америкийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг. Өмнөд Америкийн хамгийн том автомашины зах зээл болох Бразилд 2024 онд цахилгаан автомашины борлуулалт жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдэж, 125 мянгад хүрсэн байна.
“Төрөөс бодлогоор дэмжиж, Хятадаас харьцангуй хямд цахилгаан автомашин импортолж байгаа зэрэг хүчин зүйлүүд хөгжиж буй зарим цахилгаан автомашины зах зээлд борлуулалтыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн” гэж уг тайланд дурдсан байна.
Эх сурвалж: eurasianet.org