Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто “Winu” уурхайн 30 хувийн хувьцаагаа Японы “Sumitomo Metal Mining” компанид худалдана

 

Credits: Rio Tinto /Симандоу төслийн талбайн зураг/

Т.Бямбанаран

Рио Тинто компани (ASX:RIO) Гвиней улсад хэрэгжүүлж буй Симандоу төмрийн хүдрийн уурхайгаас анхны тээвэрлэлтээ энэ оны 11 дүгээр сард хийхээр төлөвлөж байгааг төслийн гүйцэтгэх захирал Герард Рейнбергер Даваа гарагт /2025.05.12/ мэдэгдэв.

Гвинейн зүүн өмнөд хэсэгт орших тус орд нь дэлхийн хэмжээнд төмрийн хүдрийн агууламж хамгийн өндөртэй уурхай болох боломжтой юм байна. Төмрийн хүдэр нь төмрийн хаягдал багатай, бага нүүрстөрөгч бүхий ган үйлдвэрлэлд чухал түүхий эд болдог. Тус орд бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр жилд 120 сая тонн төмрийн хүдэр олборлох боломжтой аж.

Симандоу төсөлд Хятадын компаниуд голчлон хөрөнгө оруулсан бөгөөд нийт бүтээгдэхүүний 75 хувийг эзэмшдэг. Харин дэлхийд төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Рио Тинто үлдсэн 25 хувийг эзэмшиж байна. Ордын нөөц дөрвөн хэсэгт хуваагддаг бөгөөд өмнөд хэсгийн 3 ба 4 дүгээр блокийг Рио Тинто, Хятадын “Chalco Iron Ore Holdings” (CIOH), болон Гвинейн Засгийн газрын хамтарсан “Rio Tinto Simfer” компаниуд эзэмшин үйл ажиллагааг нь явуулж байна. Харин умард хэсгийг Сингапурт төвтэй “Winning International Group”, Хятадын “Hongqiao” группийн “Weiqiao Aluminium”, мөн “United Mining Suppliers” зэрэг компаниудын консерциум хариуцан ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн Рио Тинто компани Баруун Австралид хэрэгжүүлж буй “Winu” зэс-алтны төсөлд эзэмшдэг 30 хувийн хувьцаагаа Японы “Sumitomo Metal Mining” (SMM) компанид худалдах гэрээ байгуулсан тухайгаа мэдэгдлээ.

Уг хэлцлийн үнийн дүн нь 399 сая ам.доллар бөгөөд 195 сая ам.долларын урьдчилгаа төлбөр болон ирээдүйд хэрэгжүүлэх төслийн өргөтгөлд зориулж 235.4 сая ам.долларын нэмэлт төлбөр орохоор тусгасан байна. Талууд 2023 оны 12 дугаар сард хамтарсан компани байгуулж, “Winu” ордыг хөгжүүлэхээр тохиролцсоны хүрээнд ийнхүү гэрээ байгуулж байгаа юм.

Уг ордыг Рио Тинто компани 2017 онд нээсэн боловч одоогоор бүрэн хөгжүүлээгүй байна. 2024 оны эцсийн байдлаар тус орд газарт нийт 741 сая тонн нөөцтэй хэмээн таамаглаж буй. Тэнд ойролцоогоор 3 сая тонн зэс, 250 тонн алт багтаж байгааг SMM компани мэдэгдэв.

Одоогоор Рио Тинто компани жилд 10 сая тонн хүдэр боловсруулах тээрэм байгуулах боломжийг тогтоохоор урьдчилсан ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж эхэлжээ.

Эх сурвалж: mining.com