А.Халиун
Зах зээл дээр 1 унц буюу 31.5 гр алт 3000 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд ханш байсан бол улам өсөж, 3 дугаар сарын сүүлийн 7 хоногт 3300 ам.долларт хүрээд байна. Дэлхийн эдийн засагт тааварлашгүй нөхцөл байдал үүсгэсэн Трампын тарифын бодлого, худалдааны дайны нөлөө Монголд хэдийн мэдрэгдэж эхэлжээ.
Нүүрсэнд найдаж жилийн төсвөө "бэлтгэдэг манай улсын хувьд 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. 2025 оны 3 дугаар сарын 25-ны байдлаар 22.2 сая тонн нүүрс экспортолж, жилийн төлөвлөгөөнийхөө тал хувьд хүрсэн ч ханшийн уналтаас орлого буурсан. Манай улсын Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалдаг 5 бүтээгдэхүүнээс ганц алтны үнэ өсөж, бусдынх нь үнэ уналттай байна.
Тиймээс Засгийн газар экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж буй талаар бид сэтгүүлийн өмнөх дугаарт дэлгэрэнгүй өгүүлсэн.
Монгол Улсын валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар байгаа нь манай улсын 3 сарын хэрэглээтэй тэнцэх дүн. Нөөцийг энэ хэмжээнээс нь бууруулахгүй байх, улмаар нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Засгийн газар "Алт-3" аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Аяны төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБЯ/-наас Засгийн газарт танилцуулан, шийдвэрлүүлнэ.
ЗАСГИЙН ГАЗАР "АЛТ-3" АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улс эдийн хүндрэлтэй нүүр тулах засгийн үедээ "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Анх П.Очирбат Ерөнхийлөгчийн санаачилгаар 1992 онд "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь эдийн засагт үүргээ гүйцэтгэж, тодорхой хэмжээгээр өгөөжөө өгсөн. Дараа нь 2017 онд эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд "Алт-2" хөтөлбөрийг 2017 оны 1 дүгээр сарын 19-нд баталсан бөгөөд 2022 он цар тахлын хүнд үеийг даван туулахад алтны салбарын үүрэг их байжээ.
"Эдийн засаг хүндэрсэн ковидын жилд Монголбанк 30 тонн алт буюу 1.7 тэрбум долларын алт экспортолж, эдийн засгийн хүндрэлийг давсан" гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн тодотгов.
Монголбанк алтыг үйлдвэрлэгчдээс төгрөгөөр худалдан авч, хүссэн үедээ валютаар зарж, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг ганц үнэт металл нь алт. Засгийн газар "Алт-3" аяны хүрээнд алт олборлолтыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Уул уурхайн олборлолт эхэлж буй энэ үед алтны компаниудад төгрөгөөр зээл өгч, алтаар буцаан авах хөшүүрэг хийхээр төлөвлөжээ.
"Дэлхийн зах зээл дээр алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрсэн энэ боломжийг ашиглахын тулд Засгийн газар "Алт-3" аяныг хэрэгжүүлнэ. 2024 онд Монголбанк 18.5 тонн алт худалдаж авсан. Хөтөлбөрийн хүрээнд авах алтыг 2 тонноос дээш хэмжээгээр нэмэгдүүлж, 20.5-25 тоннд хүргэх зорилго тавьжээ.
Манай улсад алтны 570 орчим тусгай зөвшөөрөл олгоод байна. Нийт алтны тусгай зөвшөөрлийн 85%-ийг шороон орд. 15%-ийг үндсэн орд эзэлж байна. Үүнийг ашиглавал тушаах алтны 85%-ийг үндсэн орд. 15%-ийг шороон ордоос авах урвуу хамааралтайн дээр үндсэн ордууд дотор маргаантай ордууд ч цөөнгүй байна. Хөтөлбөрийн хүрээнд шийдэл гаргаж ажиллана" хэмээн АҮЭБЯ-ны сайд Ц.Туваан мэдэгдэв.
Монгол Улсын хэмжээнд алтны батлагдсан нөөц одоогоор 510 тонн байна. Алт төдийгүй бусад ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд АҮЭБЯ-наас 2025 оны 3 дугаар сарын 1-нээс 71 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг нээгээд байна. Эхний компаниуд 5 дугаар сарын 1-нээс тусгай зөвшөөрөл авч, хайгуулын ажилдаа орно гэж салбарын яамнаас мэдээлсэн.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн 7 нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд харьяалагдаж байна. Үүнд "Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах" төсөл орсон бөгөөд 40-50 сая ам.долларын санхүүжилтээр үйлдвэр байгуулах боломжтой хэмээн тооцоолжээ. Алтны цэвэршилт өндөр байх тусам үнэтэй борлуулах тул энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж салбарын сайд Ц.Туваан Уул уурхайн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгдсэн юм.