Рио Тинто групп үйл ажиллагааныхаа үр шимийг оролцогч талуудад тэгш хүртээхийг эрхэм зорилгоо болгож ирсэн. Энэхүү бодлого нь ажилчдынхаа аюулгүй байдлыг эрхэмлэх, байгаль орчноо хамгаалах, үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн хөгжлийг дэмжих, уурхайн ашиглалт дууссаны дараа хүрээлэн буй орчны нөхөн сэргээлтийг хариуцлагатай хийх зэрэг олон чиглэлд бодит ажил болон хэрэгждэг билээ.
Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд засгийн газруудад төлж буй татвараараа дамжуулан эдийн засгийн хөгжилд нь чухал хувь нэмэр оруулсаар байна. Уг татварын орлого нь зам, гүүр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нэн шаардлагатай дэд бүтцийг санхүүжүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн ажил эрхлэлт, ур чадварын сургалт зэрэг хөтөлбөрийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. 2024 онд Рио Тинтогийн нийт ажиллах хүчний бараг тал хувь нь Австралид төвлөрч байсан бөгөөд тус улсын хамгийн том татвар төлөгчдийн нэг болсон.
Компанийн хамгийн чухал төслүүдийн нэг нь Монгол Улсын Өмнөговь аймагт байрлах Оюу толгойн уурхай юм. 2030 он гэхэд уг орд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно гэсэн тооцоо бий.
Зэс, алт олборлодог энэхүү уурхай нь зөвхөн цар хүрээгээрээ бус, Монголын эдийн засагт оруулж буй бодит үр нөлөөгөөрөө онцлог. “Оюу толгой” компани дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаагаараа аль хэдийн танигджээ. Нийт ажилчдынх нь 97%-ийг монголчууд эзэлж байна.
Рио Тинто групп өмнөх онд Монгол Улсад нийт 482 сая ам.долларын татвар болон төлбөр төлсөн. Үүнээс 344 сая ам.долларыг улсын төсөвт, үүний дотор 126 сая ам.долларын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) багтжээ. Түүнчлэн, 138 сая ам.долларыг орон нутгийн төсөвт оруулжээ. Тухайн жилд Монгол дахь уурхайн үйл ажиллагаанаасаа 1.042 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ч тус компани татварын үүргээ бүрэн биелүүлсэн юм. Мөн Оюутолгойн уурхай 4,962 иргэнийг ажлын байраар хангаж, ажилчдын татварын хэлбэрээр 42 сая ам.долларыг Монголын төсөвт төвлөрүүлжээ.