Т.Бямбанаран
Minex Mongolia ХХК “Mongolia Mining” олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээг Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлтэй (УУМХЗ) хамтран 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд Хөгжингүй технологи - Хүчирхэг уурхай (Smarter tech – Stronger Mines) уриан дор зохион байгуулж буйгаараа онцлог.
Тус арга хэмжээний хүрээнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, хайгуул, олборлолтын компаниуд, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэгчид, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч болон банк санхүүгийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, нэгэн дээвэр дор чуулдаг билээ.
Үзэсгэлэнг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг төлөөлөн сайдын зөвлөх Л.Чой-Иш, Австрали Улсын Элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Бэримэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч, Уул уурхайн зөвлөх инженер доктор, профессор Д.Цогбаатар нар үг хэллээ. Мөн Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч Таванбогд констракшн машинери ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.Ариунсайхан, Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч Гранд майнинг экюпмент ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг нар нээлтийн ёслолд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
АҮЭБ-ийн Сайдын зөвлөх Л.Чой-Иш хэлсэн үгэндээ, “Энэхүү үзэсгэлэнд 220 гаруй орны 250 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Улс эх орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөч, баялаг бүтээгч уул уурхайн салбар хоёр дахь зууныхаа чиглэлийг тодорхойлох, салбарын хөгжлийг эрчимжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж, эх орны тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох хариуцлагатай цаг үед явж байна.
Засгийн газраас уул уурхайн салбарт тулгуурлаж, эдийн засгаа сэргээж, тэлэх бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 28 хувь, экспортын орлогын 92 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувь, улсын төсвийн 32 хувийг тус тус бүрдүүлэгч гол салбар болжээ.
Салбарын тулгамдсан асуудлыг хууль тогтоох байгууллагад танилцуулж ойлгуулах, шийдвэрлүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд илүү далайцтай, хурдтай ажиллана гэсэн хүлээлт манай салбарынханд бий. Үүний төлөө бид зорин ажиллаж байгаа билээ. Манай яамны зүгээс хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэлийг өгч, хариуцлагыг нь үүрүүлэн хамтарч ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд тууштай ажиллана гэдгээ илэрхийлье” гэсэн юм.
Minex Mongolia компанийн Гүйцэтгэх захирал, “Mongolian Mining-2025” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, “Өнөөдөр зөвхөн Монгол Улсын эдийн засаг гэлтгүй дэлхий нийтийн эдийн засаг том сорилтын өмнө ирчхээд байна. Уул уурхай бол манай улсын эдийн засгийн тулгуур салбар. Энэхүү сорилттой цаг үе биднээс илүү нягт хамтын ажиллагаа, илүү тогтвортой бодлого, илүү зөв менежмент, сайн технологийг шаардаж байна. Энэ бүхний хариултыг Mongolia Mining-2025 үзэсгэлэнгээс олно гэдэгт туйлын итгэлтэй байна. Учир нь, дэлхийн тэргүүлэх дэвшилтэт технологиуд, бренд бүтээгдэхүүн, шилдэг ханган нийлүүлэгчид цуглаж чадсан” хэмээн хэллээ.
“Mongolia Mining-2025” үзэсгэлэнд 250 гаруй дотоод, гадаадын байгууллага оролцож хүрэлцэн иржээ. Тодруулбал, Монголын шилдэг ханган нийлүүлэгчид, БНХАУ, Канад, Австрали, АНУ, ОХУ, Турк, Герман зэрэг 20 гаруй орны төлөөлөл багтсан аж.
B2B бизнес уулзалтуудыг өндөр түвшинд зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байгаагаараа нэн чухал арга хэмжээ болж байна.
Үзэсгэлэнгийн үеэр салбарын мэргэжлийн семинар, хурал, зөвлөгөөнүүд явагдаж, инженерүүд, геологичид, өрөмдлөг, тэсэлгээний мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа хуваалцан салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахуйц шинэлэг мэдээллийг өгч байна. Үүний зэрэгцээ ханган нийлүүлэгч, компаниудын тоног төхөөрөмж, технологийн танилцуулга зохион байгуулагдаж, шинэ инновац, шийдлийг танилцуулан хамтын ажиллагаа бий болгох таатай орчин бүрджээ.
Тус үзэсгэлэнг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Оюу толгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Монгол ХХК зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна. Мөн платинум ивээн тэтгэгчээр Таванбогд Констракшн Машинери ХХК, алтан ивээн тэтгэгчээр Гранд майнинг экюпмент ХХК, Хера экюпмент ХХК, мөнгөн ивээн тэтгэгчээр Weichai Mongolia LOVOL компаниуд оролцсон байна.