Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

О.Батнайрамдал: Оюу толгойн бүлэг ордын хоёр лицензийг эзэмшигч Онтрэтэй Засгийн газар хэлэлцээр хийх хэрэгтэй

Р.Ренчиндулам

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр /2025.04.11/ “Оюу толгой”-н асуудлаар Засгийн газарт асуулт тавьж, хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр "УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдад “Оюу толгой”-той холбоотой дараах асуултыг тавьж байна.  

Өнөөдрийн ярих зүйлийн нэг нь Оюу толгойн бүлэг ордын хоёр лицензийг эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн лицензтэй холбоотой асуудал. Оюу толгой нь таван бүлэг ордтой, таван тусгай зөвшөөрөлтэй. Үүний хоёрыг “Оюу толгой” бус Онтрэ гэх Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани эзэмшдэг. 2024 оны 12-р сарын 19-нд Канадын Арбитрын шүүх нэгэн шийдвэр гаргасан. Тэр нь “Онтрэ”-тэй 2005 онд хийсэн гэрээг “Оюу толгой” албажуулах үүрэг хүлээсэн. Онтрэн эзэмшлийн хоёр лицензэд Оюутолгойн бүлэг ордын 30 гаруй хувь нь хамаардаг. Монгол Улс хувь эзэмшлийн хүрээнд энэ хоёр лицензийн нөөц баялгийн хэдэн хувийг эзэмшиж байгаа вэ гэдэг дээр тодорхой хариулт авахыг хүсч байна.

Энэ лицензийн асуудлаар Засгийн газар Онтрэ болон РиоТинтотой хэлэлцээр хийх хэрэгтэй. Энэ бүхэн тусгай АМНАТ-өөр байх уу, хувь эзэмшлээр байхуу гэдгийг тусгай санхүүгийн модел дээр олон хувилбараар тооцоолж,  ойлгомжтой болгон Монгол Улсын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй.

Хоёрдугаарт, татварын асуудал. 2013-2015 оны хооронд 377 тэрбум төгрөг, 2016-2018 онд 649 тэрбум, 2019-2020 онд 279 тэрбум төгрөгийн татварын алдангийг Засгийн газар “Оюу толгой”-д ногдуулсан. Нийтдээ 2013-2020 онд 1.3 их наяд төгрөгийн татварын маргаан байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 22-нд Австралийн нэр бүхий хэвлэл “financial review” сонинд “Рио Тинто нь 295 сая ам.доллар буюу 814 тэрбум төгрөгөөр татвар тооцуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн” гэж мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газар энэ асуудалд эцэслэн шийдвэр гаргасан эсэхийг мэдэхийг хүсч байна.

Гуравдугаарт, РиоТинто гэлтгүй үндэстэн дамнасан группүүдэд үнэ шилжилтийн механизмаар татвараас зайлсхийх тохиолдол гардаг. Оюу толгой нь оффшор бүсэд тооцогддог Нидерландын Вант улсад харьяалагддаг улсад бүртгэлтэй байсан. Тухайн үед Монгол Улс, Нидерландтай давхар татварын гэрээтэй байсан. Үндэстэн дамнасан татвараас зайлсхийх үүднээс тус гэрээг 2012 онд цуцалсан. Ингэснээр бид татварын маргаан өрнүүлэх боломж бүрдсэн. Саяхан буюу 2023 оны 12-р сард Сингапурын компани руу Оюу толгойн толгой компанийг шилжүүлсэн байна. Ингэснээр үндэстэн дамнасан татвараас зайлсхийх үнэ шилжилтийн механизм үйлчлэх эрсдэл бий болж байна. Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийж байгааг Засгийн газраас асууя.

Дөрөвдүгээрт, Оюутолгой компани нь 2009-2025 онд 18-20 тэрбум төгрөгийн зээл тавьж маш том бүтээн байгуулалт явуулсан. Олборлолтоос илүү бүтээн байгуулалтын томоохон мега төслийг хэрэгжүүлсээр ирсэн. Оюу толгой нь 5000 орчим хүндсэн ажилтантай, туслан гүйцэтгэгч компаниудад нь 20 мянга гаруй залуус ажиллаж байна. Энэ бүтээн байгуулалт 2025 онд дуусаад тогтвортой уул уурхайн компани болох гэж байгаа энэ үед 20 мянган залуусыг хэрхэх вэ, ямар хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх вэ.

Оюу толгойтой явуулж буй маргаанд мэдээллийн ил тод бус, тэнцвэртэй бус байдал хамгийн ихээр нөлөөлж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд мөн Үндсэн хуулиар олгогдсон “Байгалийн баялгийг олон нийтэд хүртээмжтэй хуваарилах” эрхийн хүрээнд, сайн засаглалыг нэвтрүүлэх хүрээнд “Оюу толгой” компанийн тодорхой хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах шаардлага үүссэн. Монгол Улсын Засгийн газар 34 хувийнхаа тодорхой хэсгийг эсвэл Рио Тинтотой хамтраад тодорхой хэсгийг хамтран тохиролцоод Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах ёстой. Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалснаар маш олон давуу тал бий болно. Нэгдүгээрт олон нийтэд нээлттэй компани болно, хөндлөнгийн шинжээч “Оюу толгой”-н мэдээллийг авах боломжтой болно. Мөн Хөрөнгийн биржээр дамжуулаад Оюу толгойн ашгаас олон улсын жишгээр хүртэх боломжийг бидэнд олгох ёстой гэж үзэж байна.

Мөн 2021 онд батлагдсан УИХ-ын 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд маргаан дагуулсан далд уурхайн бүтээн байгуулалт дээр хөндлөнгийн АУДИТ хийлгэх заалт бий. Үүний дүгнэлттэй танилцъя гэсэн асуултуудыг Монгол Улсын Засгийн газарт тавьж байна" гэлээ.