Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АНУ-ын нүүрсний компаниуд хүнд байдалд байна

Р.Ренчиндулам 

АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй “Худалдааны дайн” олон улсын хөрөнгийн зах зээлийг төдийгүй уул уурхайд ч сөргөөр нөлөөлж байна. “Spglobal”-д мэдээлснээр татварын нэмэгдэлтэй холбоотойгоор Бээжин АНУ-ын бараанд 34 хувийн нэмэлт татвар ногдуулах  бол 4-р сарын 10-наас эхлэн АНУ-аас Хятад руу экспортолж буй нүүрсэнд 52 хувийн татвар ногдуулах аж. Үнэ тарифын зөрчилдөөн эцэстээ дэлхийн ган үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч болох Хятадад нийлүүлэх нүүрсний урсгалыг гацаана гэж таамаглаж байна. Дагаад Америкийн нүүрсний компаниуд өөрсдөө ч алдагдал хүлээх нь тодорхой болж хүнд байдалд ороод байгаа юм.

АНУ одоогоор Энэтхэг, Хятад, Япон, Зүүн өмнөд Азийн орнууд, БНСУ-д голчлон нүүрс экспортолдог. 2025 оны 1-р улиралд АНУ-ын экспортын хэмжээ зах зээлийн нөхцөл байдлаас 48 хувиар буурсан байна. Уг нь 2023 онд тус улс гадаадын орнуудад 91 сая тонн нүүрс экспортолж байсан юм.

Үнэ тарифын маргааны дараа Хятадын Даляны түүхий эдийн бирж болон Шанхайн бирж дээр ган, төмрийн хүдэр, нүүрсний үнэ унасан нь нүүрсний компаниудад цохилт болж байна. Тиймээс АНУ-ын компаниуд Энэтхэгт нүүрс нэмж экспортлох боломжуудыг судалж, хүнд байдлаас гарахыг эрмэлзэх болжээ. Гэхдээ одоогийн үнээр нийлүүлэх нь харилцан ашигтай байж чадахгүйг эдийн засагчид онцолж байгаа юм. Сайн чанарын коксжих нүүрс тонн нь 190-200 ам.доллар байсан цагт л ашгийн тухай ярьж болохыг Америкийн компаниуд онцолж байна.