Р.Ренчиндулам
Алт олборлолтын дэлхийн тэргүүлэх компанийн нэг “Kinross Gold” энэ жил олборлолтоо нэмэгдүүлэх зорилго тавьсныг “Globe Newswire”-д онцолжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Пол Роллинсонb ”Өнгөрсөн жил Kinross-ийн хувьд ололт амжилтаар дүүрэн байлаа. Бид хөрөнгө оруулалтын 800 сая долларын өрийг төлж, ашиг орлогоо 37 хувиар өсгөж чадсан. Энэ жилийн хувьд уурхайнуудын ашигт үйл ажиллагаанд онцгой анхаарч олборлолтоо нэмэгдүүлнэ. Ингэснээр компанийн санхүүгийн найдвартай байдлыг хангах төдийгүй хувьцаа эзэмшигчдын итгэлийг сэргээнэ. Түүнчлэн ашиг өгч болохуйц уурхайнуудад хөрөнгө оруулсан хэвээр байх болно” хэмээн ярьжээ.
“Kinross Gold” -ийн хувьд өнгөрсөн 2024 онд орлого нь 5.15 тэрбум ам.доллар байсан бөгөөд 948.8 сая ам.долларын ашиг олжээ. “Goldman Sachs”-ийн таамаглалаар 2025 онд алтны үнэ унц нь 3,300 ам.доллароос буухгүй байх төлөвтэй байгаа нь алтны компаниудыг олборлолтоо нэмэгдүүлэхэд хүргэж байгаа юм.
Сонирхуулахад, “Kinross Gold” нь Канадын Онтарио мужийн Торонто хотод төвтэй, 1993 онд байгуулагдсан томоохон компани юм. 2019 онд олон улсын "Алт олборлогч шилдэг 10 компани"-ын тавдугаарт жагсч байв. Тус компанийн уурхайнууд Бразил, Мавритани, АНУ-д байрладаг юм байна.