Р.Ренчиндулам
Үнэ тарифтай холбоотой “Худалдааны дайн” уул уурхайн аварга компаниудын үйл ажиллагаа, ашиг орлогод сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, төмрийн хүдэр болон гангийн нүүрсний үнэ буурсан нь уул уурхайн тэргүүлэх компани болох “BHP”-гийн хагас жилийн ашиг 23 хувиар буурсан талаар “ABC”-д мэдээлжээ. Ялангуяа төмрийн хүдрийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан байна.Түүнчлэн “BHP” нэгж хувьцаанд 50 центийн ногдол ашиг зарласан нь сүүлийн найман жилийн хамгийн бага үзүүлэлт болоод байна. Эдийн засгийн хувьд дэлхийн тэргүүлэх хоёр орны сөргөлдөөнөөс шалтгаалж Хятадын эдийн засагт гацаа үүсвэл уул уурхайн компаниудад сөргөөр нөлөөлнө гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм.
“BHP”-гийн гүйцэтгэх захирал Майк Хенри” Мэдээж улстөрийн шийдвэрээс улбаатай эдийн засгийн асуудлууд компанийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлөх нь зайлшгүй. Бид байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс ямар ч ээдрээтэй байдал үүссэн бэлэн байх болно” гэж ярьжээ. “The Business” сэтгүүлд онцолсноор бол “BHP” зэс олборлолтод бодлогоо илүүтэй чиглүүлж байгаа аж. Үндсэн ашгаа ч эндээс олох чигтэй байна. Тиймдээ ч Өмнөд Америк, Хойд Америк, Африкийн орнуудад зэсийн хайгуул, олборлолтод анхаарал хандуулж байгаа юм.
Сонирхуулахад, “BHP” нэгж хувьцаанд 50 центийн ногдол ашиг зарласан нь сүүлийн найман жилийн хамгийн бага үзүүлэлт болоод байна.