Р.Ренчиндулам
Дэлхийн уул уурхайн томоохон компанид тооцогддог Индонезийн “Amman Mineral” Засгийн газрынхаа баримталж байгаа бодлогоос шалтгаалан зэс олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадахгүй байгаа аж. Учир нь, тус улсын Засгийн газар түүхий эрдэс баялгийн дотоод боловсруулалтыг дэмжих өргөн хүрээний бодлогын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зэсийн баяжмал экспортлохыг хориглосон юм. Харин дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэмэгдэж байгаа энэ цаг үеийн боломжийг ашиглах хэрэгтэй гэдэгт компанийн удирдлага санал нэгдээд байгаа ажээ. Тиймээс “Amman Mineral”-ын гүйцэтгэх захирал Рахмат Маккасау Засгийн газрыг энэ асуудалд уян хатан хандаж зэсийн баяжмалыг экспортлоход анхаарч үзнэ гэдэгт найдаж байгаагаа парламентад илгээсэн захидалдаа онцолсон байна.
Одоогоор тус компани 200,000 тонн орчим зэсийн баяжмалыг экспортлох боломжтой ч Рахмат Маккасаугийн онцолсноор зэс баяжуулах үйлдвэр хүчин чадлынхаа 48 хувийг л ашиглаж байгаа ажээ. Хэдийгээр Засгийн газар экспортод хориг тавих нь тодорхой байсан ч “Amman Mineral” нь зэс баяжуулах шинэ үйлдвэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард барьж дуусгасан байна.
Зөвхөн “Amman Mineral” төдийгүй зах зээлд нөлөө бүхий “Freeport Indonesia” компани Засгийн газраас зэсийн экспортод тавьсан хоригоо сулруулж, энэ он дуустал 1.3 сая тонн зэсийн баяжмал экспортлох зөвшөөрөл хүсээд байна юм. Одоогоор Засгийн газраас компаниудад ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Сонирхуулахад, “Amman Mineral” компанийг “Newsweek” сэтгүүлээс 2024 онд дэлхийн хамгийн найдвартай 10 компанийн нэгээр шалгаруулж байсан юм.