Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Айвенхоу Майнз”-ын зэс, цайрын олборлолт эрчимжиж байна

Р.Ренчиндулам

Монголчуудын эчнээ танил Канадын уул уурхайн “Айвенхоу Майнз” компанийн ерөнхий захирал Роберт Фрийдланд Ардчилсан Конго дахь зэсийн Камоа-Какула болон Кипүши цайрын уурхайн үйл ажиллагааны талаар танилцуулсан талаар тус компанийн вэб хуудсанд мэдээлжээ.  

Камоа-Какула энэ оны нэгдүгээр сард 45,477 тонн, хоёрдугаар сард 40,849 тонн зэс олборложээ. Тэд нэгдүгээр сард өдөрт дунджаар 1467 тонныг, хоёрдугаар сард 1459 тонн зэс олборлосон нь 2024 оны арванхоёрдугаар сард өдөрт 1518 тонн зэс олборлосонтой дөхөж байгаа юм. Түүнчлэн хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт 11,122 тонн зэс олборлосон байна. 2025 оноос жил бүр 578,000 гаруй тонн зэс олборлох төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Камоа-Какулагийн хувьд олборлолтоо нэмэгдүүлэхэд тулгарч байгаа асуудал бол эрчим хүч. Одоогоор тус орд дотооддоо үйлдвэрлэсэн болон импортын эрчим хүч ашиглаж байна. Энэ нь ашиглалтын нийт хэрэгцээний гуравны хоёртой тэнцэх бөгөөд үлдсэнийг нь дизель станцад үйлдвэрлэсэн өөрсдийн нөөц эрчим хүчнээс авдаг ажээ. Сарын эцэс гэхэд импортын эрчим хүчийг 20 МВт-аар нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгааг “Айвенхоу Майнз”-ын удирдлага онцолжээ. Камоа-Какулад эрчим хүч нийлүүлдэг Мозамбик дахь Кахора Басса усан цахилгаан станц, Замби дахь Кариба усан цахилгаан станцын усны түвшин нэмэгдсэн нь нийлүүлэлт буурахгүй гэсэн хүлээлттэй байна.

Тэгвэл “Айвенхоу Майнз”-ын бас нэг томоохон төсөл болох Кипуши уурхай энэ оны нэгдүгээр сард 16,063 тонн цайр үйлдвэрлэж дээд амжилт тогтоожээ.

Үйлдвэрлэлийн хэмжээ жил бүр өсч байгаа бөгөөд 2025 онд 180,000-240,000 тонн цайр олборлох зорилго тавьсан байна. Шинэ он гарснаас хойш баяжуулах үйлдвэрийн олборлолт дунджаар 88 хувь орчим байгаа бол баяжмалын агуулга нь 53 хувьтай байгаа ажээ. Харин 2026 онд 250,000 гаруй тонн баяжмал дахь цайр тогтмол үйлдвэрлэх зорилт тавьсан байна.