Р.Ренчиндулам
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хилийн чанадаас нийлүүлж буй бүх бараанд 10 хувийн суурь татвар ногдуулах зарлиг гаргасан билээ. Энэ нь олон улсад дэгдээд байгаа “Худалдааны дайн”-ыг улам өдөөж байгаа төдийгүй дэлхий даяар худалдааны бодлогын шинэ чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болж байгаа талаар эдийн засагчид онцолж байна. Ерөнхийлөгч Трамп өөрийн гаргасан шийдвэрийг “дэлхийн бүх улс оронд харилцан татвар ногдуулахыг зохицуулсан түүхэн зарлиг” гэж дүгнэсэн ч энэ нь хөрөнгийн зах зээлд том цохилт болоод байгаа юм. “CNBC”-д бичсэнээр АНУ-ын эдийн засагт гол нөлөөтэй “Dow”, “S&P 500” болон “Nasdaq” индексийн ханш буурч 2020 оноос хойших хамгийн их уналтад орсон байна. “Dow Jones” индекс 1,679.39 нэгж буюу 3.98 хувиар унажээ.
Хөрөнгийн зээлийг “бужигнуулсан” Трампын зарлиг үндэстэн дамнасан компаниудын хувьцааны ханшид ч сөргөөр нөлөөлж эхэллээ. Жишээлбэл, “Nike”-ийн хувьцааны ханш 14 хувиар буурсан аж. Тэгвэл сүүлийн жилүүдэд байнга эрэлттэй байсан “Apple”-ийн ханш есөн хувиар буурчээ. Ханш ойрын хугацаанд өсөх төлөвгүй байгааг судлаачид онцолж байна. Түүнчлэн импортын барааны томоохон борлуулагчид хамгийн их хохирол амсчээ. “Dollar Tree” 13 хувиар, “Gap”-ийнх 20 хувиар унажээ. “Nvidia” бараг 8 хувь, “Tesla” 5 хувиас илүү буурсан байна.
Хэдийгээр нөхцөл байдал ийм болж байгаа ч Ерөнхийлөгч Трамп өөдрөг хэвээр байна. "Зах зээл өсөх болно. Хувьцааны ханш өсөх болно. АНУ мандан бадрах болно. Мөн дэлхийн бусад улс орнууд бидэнтэй хэлэлцээ хийх ямар нэгэн арга зам хайх болно” гэж Трамп онцлон хэлсэн байна.