Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Төмөр замын ачаа тээврийг 2050 онд 90,7 сая тоннд хүргэнэ

Р.Ренчиндулам

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2024 онд 33,4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Үүний 12,6 сая тонн нь орон нутгийн, 20.8 сая тонн нь гадаад худалдааны ачаа байжээ. Харин нийт гадаад худалдааны ачааг 2023 онтой харьцуулахад экспорт 4,3% , импортын ачаа 4,5%, транзит ачаа буюу дамжин өнгөрөх ачаа 4%-иар тус тус өсчээ.

ОХУ болон БНХАУ хоорондын худалдаа нэмэгдэж байгаа энэ үед транзит тээврийг хөгжүүлэх тал дээр талууд түлхүү ажиллаж байгаа аж.

Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх төсөл хэрэгжсэнээр УБТЗ-ын гол замын нэвтрүүлэх хүчин чадал 2030 онд 50,6 сая тонн, 2050 онд 90,7 сая тонн болж өсөх юм байна. Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замуудаас гадна Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх зорилго тавиад байгаа юм.

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь тухайн жилд төмөр замаар тээвэрлэх ачаа барааны хэмжээг харилцан зөвлөлдөж тохиролцдог уламжлалтай. Энэ хурал Монгол Улсад энэ сарын 10-14 болох бөгөөд хурлын төгсгөлд тоо хэмжээ нь тодорхой болох юм.

Харин Зам тээврийн яамны зүгээс төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, төмөр замын тээвэрлэлтийн хөдөлгөөний зохицуулалт, уялдаа холбоог сайжруулан, энэ онд нийт 50.0 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, хил дамнасан төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх юм. Үүнд:

Гашуунсухайт-Ганцмод боомт

Шивээхүрэн-Сэхээ боомт

Ханги-Мандал боомт

Арцсуурь-Шивээхүрэн нарийнсухайт

Сайншанд-Баруун-Урт-Хөөт

Улаанбаатар-Шинэ Хархорум ТХХТ

Чойбалсан-Бичигт-Зүүнхатавч

Сүхбаатар-Хөшигийн хөндий-Замын-Үүд гэх мэт.