Р.Ренчиндулам
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш компаниудаа татварын хүрээнд дэмжих бодлого баримталж байгаа билээ. Энэ нь уул уурхайн томоохон компаниудад ч эергээр нөлөөлөх хандлагатай байна. Тодруулбал, дэлхийн алт, зэс олборлолтын томоохон компаниудын нэгт тооцогддог “Freeport-McMoRan” компанийн хувьцааны үнэ өнгөрсөн долоо хоногт дөрвөн хувиар дээшилж, 38.89 ам.долларт хүрчээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп зэс олборлогчдыг дэмжих, зэсэнд ногдуулах боломжтой тарифыг авч үзэх болно гэж мэдэгдсэн нь үүнд нөлөөлсөн талаар “Yahoo-finance”-д бичжээ. "Америкийн дотоодын үйлдвэрүүд зэсээс хамааралтай байгаад бид дүгнэлт хийж, боломжит шийдлийг олох ёстой” хэмээн Худалдааны сайд Ховард Лутник ярьсан байна.
Өнгөрсөн онд зэсийн үнэ олон улсад дээд хэмжээнд хүрч өссөн шалтгаан нь Хятадын эрэлтээс улбаатай хомсдол төдийгүй хиймэл оюун ухааны дата төвүүдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байсныг шинжээчид онцолсон юм. “Freeport-McMoRan” компанийн хувьд зэсийн үйлдвэрлэлээ жил бүр нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж ирсэн. Энэ жил ч олборлолтоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Зэсийн эрэлт цаашид ч нэмэгдэх төлөвийг шинжээчид онцолж байгаа бөгөөд 2030 он гэхэд олон улсад жил бүр 4.7 сая тонн нийлүүлэлтийн алдагдлыг арилгах боломжтой зэсийн уурхайнуудыг барихад 100 гаруй тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай байгаа ажээ.