Ч.Сансар
Өмнөд Солонгос 2038 он гэхэд хоёр том оврын атомын цахилгаан станц, нэг жижиг цөмийн реактор барихаар тусгасан эрчим хүчний шинэ төлөвлөгөөгөө баасан гарагт эцэслэн баталсан гэж тус улсын Аж үйлдвэрийн яам мэдэгдэв. Төлөвлөгөөний дагуу 2030 он хүртэл жил бүр дунджаар 7 гигаватт (ГВт) сэргээгдэх цахилгаан эрчим хүч нэмж үйлдвэрлэнэ гэж яамнаас мэдээллээ.
Тус улсын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 2023 онд 180.5 ТВт/цаг байсан бол 2038 он гэхэд 248.3 ТВт/цаг болж өснө гэж аямнаас мэдэгдэв. Мөн цөмийн эрчим хүчний эзлэх хувь 2023-2038 оны хооронд 30.7%-иас өсөж, 35.2%-д хүрэх төлөвтэй байна.
Азийн дөрөв дэх том эдийн засагтай улс болох Өмнөд Солонгос нь чулуужсан түлшний хэрэглээнийхээ 98 орчим хувийг импортоор хангадаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 2038 он гэхэд 49.4 ТВт/ц-аас 205.7 ТВт/ц хүртэл дөрөв дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.
Ингэснээр Өмнөд Солонгосын нийт эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нь 2038 он гэхэд 8.4%-өөс 29.2% хүртэл нэмэгдэнэ. Ийнхүү 2038 он гэхэд нийт эрчим хүчний салбарын 70%-ийг нүүрстөрөгч ялгаруулдаггүй эх үүсвэр эзлэх төлөвтэй байна.
Өмнөд Солонгос 2038 он гэхэд 157.8 ГВт эрчим хүч үйлдвэрлэхээр зорьж байна. Энэхүү зорилгод хүрэхийн тулд 2037-2038 он гэхэд хоёр том оврын атомын цахилгаан станц барих шаардлагатай болно. Өмнөд Солонгос мөн 2035-2036 оноос 0.7 ГВт хүчин чадалтай жижиг модульчлагдсан реактор (SMR) ажиллуулахаар төлөвлөжээ.
Тус улс нүүрсний станцуудын эрчим хүчний үйлдвэрлэлийг 2038 он гэхэд 184.9 ТВт/ц-аас 70.9 ТВт/ц хүртэл багасгах буюу нийт үйлдвэрлэлд эзлэх хувийг 31.4%-иас 10.1% хүртэл бууруулах зорилт тавьж байна.
Өмнөд Солонгос хуучирсан нүүрсний 28 станцыг шинэчлэн шингэрүүлсэн хийгээр ажиллуулах, мөн 2037-2038 онд хаагдах гэж буй 12 нүүрсний станцыг ус, устөрөгч, аммиак зэрэг нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх төлөвлөгөтэй байна.
Эх сурвалж: reuters.com