Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ

Р.Ренчиндулам

Олон улсын жишгээр хайгуулын лиценз нь ашиглалтынхаасаа 5-6 дахин олон байдаг ч одоогоор энэ жишиг манайд урвуу хамааралтай байна. Тухайлбал, Монгол Улсад одоогоор 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лиценз байгаагийн 900 гаруйг нь хайгуулын зөвшөөрөл эзэлж байна.

Монгол Улс 2024 оны 4 дүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоосон нь үүнд нөлөөлжээ. Энэ нь уул уурхайн салбарын хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, олон улсын хурал чуулганд оролцоход шүүмжлэл дагуулдаг сэдэв болоод байгаа. Тиймээс PDAC-2025 чуулганаас урьтаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхлэхээр болжээ.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Олон улсын хурал чуулганд оролцоход нийт асуудлын 60 гаруй хувийг критикал минерал болон түүнд багтдаг газрын ховор элемент бүрдүүлж байна. Тиймээс хөгжлийн энэ хандлагатай хөл нийлүүлэх үүднээс ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар критикал минерал, газрын ховор элементтэй холбоотой асуудлыг танилцуулна. Дижитал технологи хурдацтай хөгжил, эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтад онцгой анхаарч, улс орон энэ асуудлыг бодлогын түвшинд авч үзэх болсон. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт дээр Засгийн газарт танилцуулга оруулж байгаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл олгох журмыг баталж, Хууль зүйн яаманд хүргүүлж нийтээр дагаж мөрдөх журамд бүртгүүлснээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдэнэ. Манай салбарынхан дэлхийн хамгийн том үзэсгэлэн PDAC-2025-д оролцоно. Энэ шийдвэр тус үзэсгэлэнгийн өмнө гарна” гэлээ.

Сонирхуулахад, 92 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй PDAC-2025 олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт Канадын Торонто хотод 2025 оны 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс энэ жил өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох юм.