Р.Ренчиндулам
Mongolian Mining Journal сэтгүүлийн 1 дүгээр сарын дугаарт:
Mонгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй "Орано Майнинг С.А.С" компанитай Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Зөөвч- Овоо" ураны ордыг урт хугацаанд ашиглах 1.6 тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын гэрээнд талууд харилцан зөвшилцсөний дунд 2025 оны 1 дүгээр сарын 17-нд Төрийн ордонд гарын үсэг зурлаа.
Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартэн, "Орано майнинг" группийн Гүйцэтгэх захирал Никола Маас, "Орано майнинг" компанийн Гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, "Бадрах Энержи" компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.
Ингэснээр 28 жилийн турш яригдсан Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөлж байгаа юм.
Дээрх цаг тоололд өрнөсөн үйл явдлыг нэг бүрчлэн дурдвал маш урт түүх үргэлжлэх тул Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан зүйл заалт болон гэрээтэй холбоотой онцлох зарим үйл явдлын талаар энэ удаа дурдъя.
Монгол Улсын гурав дахь хөрш оронтой хийж буй энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байр шинээр бий болно.
Хөрөнгө оруулагч талын тухайд:
Ураны салбарт ашиглаж буй дэлхийн шинэ технологи нутагшиж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх юм.
Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн Ажлын хэсгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, холбогдох салбарын сайд нар Дэд ажлын хэсгүүдийг ахлан, төрийн 24 байгууллага, мэргэжлийн болон хувийн хэвшлийн 6 байгууллага, салбарын эрдэмтэн судлаач, хөндлөнгийн төлөөлөл бүхий нийт 99 гишүүний өргөн бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Ажлын хэсгийн тухайд цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд дараах ажлуудыг хийсэн байна.
Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагч талтай нийт 18 удаагийн хэлэлцээ хийсний үр дүнд Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн дараах нөхцөлүүдийг гэрээнд тусгасан байна. Үүнд;
Нэгдүгээрт, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд үр өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх тооцооллыг баталгаажуулав.
Хоёрдугаарт, хэрэв Монголын талын хүртэх шууд үр өгөөж 51%-д хүрээгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компаниас үр өгөөжийг 51%- д хүргэхэд шаардлагатай "Өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр"-ийг Засгийн газарт нэмж төлнө.
Гуравт, төрийн эзэмшлийн 34%- ийн энгийн хувьцааг 10%-ийн давуу эрхийн хувьцаа, 5%-ийн тусгай АМНАТ-өөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцохоор болов.
Ингэснээр давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, нийтдээ улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төсөл хэрэгжих хугацаанд төвлөрөх тооцоолол гаргав.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд ногдол ашгийг шууд төвлөрүүлнэ.
Мөн 4 төрлийн татварыг тогтворжуулав. Тодруулбал, хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцээрийн явцад 4 болгов. Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, гаалийн татвар багтаж байгаа юм.
96.2 САЯ АМ.ДОЛЛАРООР ХҮХРИЙН ХҮЧЛИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, шаардлага хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгахаар тохиролцов. Төслийн хүрээнд Монгол Улсад хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулахаар талууд тохиролцсон бөгөөд үүнд 96.2 сая ам.доллар төлөвлөөд байгаа юм. Хүхрийн хүчлийн үйлдвэрийг 2028 оноос барьж эхлэх бөгөөд ураны уурхайн олборлолтын гурав дахь жилээс үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Тус хүхрийн үйлдвэр нь өдөрт 700 тонн хүчил, 7.4 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Тиймээс Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн борлуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид худалдан авна.
Орон нутгийн хөгжлийг дэмжихийн тулд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга болон төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг орон нутагт хийнэ.
Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэд байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-иас доошгүй болон жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-иас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдэд ногдох нөхцөлүүд тусгагдсан юм.
Ийнхүү тус төсөл хэрэгжсэнээр хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн гурав дахь төсөл эхэлж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн үгэндээ тус төсөл нь нийгэм, эдийн засаг, геополитикийн хувьд хоёр улсад чухал ач холбогдолтойг дурдаад, төсөл хэрэгжүүлэгч талыг хариуцлагатай байхыг ч сануулсан юм. Тэрбээр "Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр таниулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын эх сэргэлтийг авчрах эхлэл цэг болж чадна гэдэгт илтгэлтэй байна. Төслийн хүрээнд ногоон эрчим хүчний эх үүсвэр болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээр болон НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа Монгол Улс биелүүлнэ.
Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг дурдахыг хүсэж байна.
Гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд сануулъя. Мөн Франц, Европын холбооны шаардлагад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, ноу-хауг Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэрлэл баригдах, нарийн мэргэжлийн өндөр үнэлэмжтэй 1600 гаруй мэргэжилтэн бэлтгэх, Монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг мөн хүсч байна" гэсэн юм.
Түүнчлэн Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартэн энэхүү төсөл Франц, Монгол Улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой болохыг онцлов. Тэрбээр "Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ураны ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно. Бид цаашид харилцаагаа бүх түвшинд гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа, тусгаар тогтнолын төлөө хамтран ажиллана. Франц Улс Монгол Улсын "гуравдагч хөрш" гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах тал дээр байх бөгөөд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Монголын талтай нягт хамтран ажиллана" гэлээ.