Р.Ренчиндулам
Байгаль, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, давагдашгүй хүчин зүйлүүд уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл "Зелиа" хэмээх далайн хар салхины улмаас түр хаагдаад байсан Австралийн хамгийн том төмрийн хүдрийн боомт болох Порт Хедланд дахин нээгдлээ. Ингэснээр “Рио Тинто”-гийн уурхайн үйл ажиллагаа дагаад сэргэж байгаа талаар “Finance News”-т онцолжээ.
"Зелиа" хар салхи Баруун Австралийн Пилбара мужийг дайран өнгөрөх нь тодорхой болсон тул Порт Хедланд боомтыг өнгөрсөн лхагва гаригт хаагаад байсан юм. Салхины хурд зарим үед 290 км/цагт хүрч байв. “Finance News”-т бичсэнээр хар салхины улмаас томоохон хохирол учраагүй ажээ. Өнгөрсөн санхүүгийн жилд тус боомтоор бараг 760 сая тонн түүхий эд тээвэрлэжээ.
“Рио Тинто”-гийн мэдээлснээр боомт, төмөр зам, уурхайн үйл ажиллагаа хэвийн болсон тул хоёрдугаар сарын 15-наас эхлэн Порт Хедланд болон Кэйп Ламберт, Дампиер боомтуудад хөлөг онгоцонд түүхий эд ачих ажиллагаа эхэлсэн байна. Хэдийгээр үйл ажиллагаа хэд хоног түр зогссон ч тус компани 2025 онд төмрийн хүдэр тээвэрлэх төлөвлөгөөгөө хэвээр байлгах аж. Мэргэжилтнүүдийн ярьснаар хэдий зарим газарт үер буусан ч компанийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээгүй юм байна.