Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын экспорт, импортын 2025 оны 1 дүгээр сарын тайланг нэгтгэн боловсруулжээ. Тус тайланд дурдсанаар Монгол Улсын экспорт 2025 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 247.2 сая ам.доллароор буурч, импорт өмнөх оны мөн үеэс 38.6 сая ам.доллароор өссөн байна.
Түүнчлэн БНХАУ-руу экспортолсон нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 81.0 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс тонн тутамд 38.1 ам.доллароор буураад байна.
БНХАУ-д экспортолсон барааны 51.0 хувийг нүүрс, 28.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байгаа юм.
Харин импортын тухайд, ОХУ-аас импортолсон барааны 78.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 86.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.2 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.
2025 оны 1 дүгээр сарын байдлаар экспортын 46.9 хувь Гашуунсухайт, 24.6 хувь Замын-Үүд, 7.5 хувь Чингисхаан боомтоор хийгдсэн нь нийт экспортын 79.0 хувийг эзэлж байна. Импортын 50.8 хувийг Замын-Үүд, 23.4 хувийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 74.2 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо