Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нүүрсний экспорт 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс нэг сая тонноор нэмэгдсэн ч үнэ нь 44 хувиар буурав

П. Жаргалсүрэн

Оны эхний сард Монгол Улс 5.2 сая тонн чулуун нүүрсийг 449 сая ам.доллароор экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1 сая тонноор нэмэгдсэн ч үнийн дүнгээр 44%-иар буурсан байна.

Хил дээрх БНХАУ-ын агуулахууд дүүрсэн, татан авалт нь удаашралтай байгаа тул Монголын талаас нүүрсний экспорт удааширч, үнэ нь бага зэрэг буурч буйг “Эрдэнэс Монгол” нэгдэл мэдээллэв.

Монгол Улс 2025 онд нүүрсний экспортыг 83 сая тонн хүргэх зорилт тавиад буй. 2024 оны эхэнд 75 сая орчим тонн нүүрс экспортлох зорилт тавиад байсан бөгөөд оны эцэст 78.1 сая тонн хүрч байсан юм.

БНХАУ АНУ-ын нүүрсний импортод 15%-ийн тариф ногдуулсан нь Монгол Улс, ОХУ зэрэг бусад нийлүүлэгчдийн нүүрсний эрэлтийг өсгөнө гэв.

Ирэх дөрвөн жилийн хугацаанд нүүрсний экспортыг жилд хамгийн багадаа 120 сая тонн хүргэх зорилт тавин ажиллах шаардлагатайг Сангийн сайд онцолж байсан юм. Үүний тулд эхний ээлжид Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг хийж, цаашлаад бусад боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг тодотгож байв. Нүүрсний салбарт хүлээгдэж буй нэг хүлээлт нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт юм.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалт болон нүүрс худалдах, Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гуравласан хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын талтай энэ сарын 13-15-ны үед гарын үсэг зурахаа мэдээллээ. Ингэснээр цаашид Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч зэрэг бусад боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.